Манай улсад хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал хурцаар яригдах болсон. Ялангуяа, бага насны хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийлэлд нэгэнт өртсөн хойно хэрхэн хамгаалах, ямар арга хэмжээ авах талаар нийгэмд дуулиан шуугиан үүсдэг. Тэгвэл хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь хүчирхийллийн талаар зөв ойлголт, мэдлэгтэй, биеэ хамгаалах мэдлэг, чадвартай болгож төлөвшүүлдэг олон улсын сайн туршлага бий. “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгая- Нэг ч хүнийг бүү орхи” уриан дор дэлхий нийтээрээ хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэлж байгаатай холбогдуулан Монголын эмэгтэйчүүдийн сан /МОНЭС/ ТББ, Ананда сангийн түншлэгч Хаоран сангийн дэмжлэгээр “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих” төслийг БСШУСЯ-тай хамтран дөрвөн аймаг, нийслэлийн зарим дүүргийн 11 цэцэрлэгт туршилтаар хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд өнөөдөр ЧД-ийн 5-р цэцэрлэгийн хүүхдүүдийг хамрууллаа.
Төслийн хүрээнд цэцэрлэгийн багш нар болон 4-5 настай хүүхдүүд эцэг эхийн хамт сургалтад хамрагдаж, өөрийгөө хүчирхийллээс хамгаалах мэдлэг чадвартай болох юм. Мөн бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийт, хүүхэд, эцэг эх, багш нарын мэдлэг, ойлголт нэмэгдэж, нийгмийн эерэг тогтолцоо бүрдэх үр дүн хүлээж байна.
Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд зорилтот бүлгийн дунд суурь судалгаа явуулж, цэцэрлэгийн 4-5 настнуудын биеийн ба бэлгийн хүчирхийллийг таньж мэдэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бусдад мэдээлэх чадварыг нь үнэлсэн асуултууд асуужээ. Үр дүнг харвал 5 настнуудын 66.4 хувь нь, 4 настнуудын 51.1 хувь нь зөв хариулт сонгосон байна.
Харин эцэг эхчүүдээс “Таны хүүхэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэддэг үү?” гэсэн судалгааны асуултад нийт 145 эцэг эх хариулснаас 33.8 хувь нь “Миний хүүхэд энэ талаар мэдэхгүй”, 22.8 хувь нь “Миний хүүхэд мэднэ” гэж хариулсан бол 43.4 хувь нь “Сайн мэдэхгүй байна” гэжээ. Эдгээр хариултыг нэгтгэвэл эцэг эхчүүдийн 80 орчим хувь нь хүүхэдтэйгээ хүчирхийллийн талаар ярилцдаггүй болох нь харагдаж байгаа юм. Цэцэрлэгийн багш нарын хувьд ч 40 хүрэхгүй хувь нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн сэдвээр сургалтад хамрагдсан байсан нь энэ чиглэлийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг илтгэсэн байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үр дүнд нь бага насны хүүхдэд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдлэг олгох тогтолцоог сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бүрдүүлэхээр зорьсон гэнэ.
Төсөлд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-ийн Боловсролын сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль, аймаг дүүргийн боловсрол, соёл урлагийн газрууд, “Хөөрхөн Зүрхнүүдийн аян”, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ ТББ, аймаг орон нутгийн эмэгтэйчүүдийн ТББ-ууд түншлэгчээр оролцжээ.