"Зэс Эрдэнийн Хувь" ХК-ийн 24500 нийлүүлэгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар өнөөдөр тус компанийн төлөөлөл хэвлэлд мэдээлэл хийлээ.
Хууль бус аргаар Бльюмон ХХК нь 1000 төгрөг байсан хувьцааны үнийг 105 төгрөг болгон үндэслэлгүйгээр бууруулсны эсрэг "Зэс эрдэнийн хувь" ХК-ийн хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хороог байгууллаа гэж тус компанийн нягтлан бодогч Д.Чинбат мэдээллээ. Мөн тэрээр хэлэхдээ: Тус компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын тулд санхүүгийн үйл ажиллагаанд нь хөндлөнгийн аудит оруулж, дүгнэлт гаргуулсан хууль хяналтын байгууллагад хандаж байна.
Тус хаалттай хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болохыг эсэргүүцэж байгаа. "Зэс эрдэнийн хувь" ХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан шаардлагын дагуу нээлттэй, хаалттай компани эсэх нь тодорхойгүй байхад компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох нь эрх зүйн хувьд ойлгомжгүй байна. Өрийг хувьцаагаар солихтой холбогдуулан 2016 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолын 3, 4, 5 дугаар заалтуудыг хүчингүй болгосныг зогсоох шаардлагатай. "Зэс эрдэнийн хувь" ХК, Бльюмон ХХК хоорондын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээсээ буцаж, одоогийн хийгдэж буй булхай луйвраа далдлах оролдлого гэдэг нь тодорхой юм гэв.
Луйврын гэрээний хохирогч гэж өөрсдийгөө үзэж буй "Зэс Эрдэнийн Хувь" ХК нь Н.Алтанхуягийг халз мэтгэлзээнд дуудлаа
Хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хороонд өнөөдрийн байдлаар 120 гаруй иргэд нэгдээд байгаа юм байна.