Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад олон үндэстний эвслийн цэргийн хүчнээс явуулж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Б.Чинзориг захирагчтай тавдугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг нарын БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын удирдлагууд, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон офицер, ахлагч, цэрэг дайчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.
Энхийг сахиулагч дайчдад хандаж УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Монгол Улсын Зэвсэгт хүчин хүн төрөлхтөний энх амгалан амьдралын төлөө дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх болсон хугацаанд манай цэрэг дайчид мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамжаараа мэргэжлийн гэгдэх цэрэг армиудад хүлээн зөвшөөрөгдөн Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон билээ. Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэх манай бүрэлдэхүүний тоо, хүч хэрэгсэл нэмэгдэх болсон нь Монгол цэрэг хэрхэн үнэлэгдэж байгаагийн тодорхой жишээ юм.Манай цэргийн алба хаагчид ажиллагаанаас ажиллагаанд туршлагажиж шинэ шинэ үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг эзэмшсээр байгааг онцлох учиртай.Эрсдэлтэй хүнд нөхцөлд цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн үзүүрт сэтгэлээр амжилттай биелүүлж ирсэн нь хэн бүхний бахархалыг төрүүлж байгаа юм.Монгол газар шороонд Монгол хүн болон мэндэлсэн эрхэм хүндтэй энэ хувь заяандаа эзэн нь байж эх орныхоо захиас даалгаварыг хичээнгүйлэн биелүүлсэн эрэлхэг хөвгүүд та бүхнээр эх орон тань, ижий аав тань, эхнэр хүүхэд, ах дүү нар тань бахархаж байна" хэмээн баяр хүргэсэн.
Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт энхийг сахиулагчдад талархал илэрхийлсэн. Тэрээр “Үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид та бүхнээр бахархаж байна. Монгол цэргүүд мэргэжлийн ур чадвар сайн, тэсвэр хатуужилтай, сонор сэрэмжээрээ гайхагдаж олон улсад нэр хүндээ түгээж байгаад хувьдаа талархаж явдаг юм. Энэ завшаанд Монгол Улсын Засгийн газарт “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа дахь оролцоогоо үргэлжүүлсээр байгаад талархал илэрхийлье. Энхийг сахиулагчдын ар гэрийнхэнд баярлалаа” гэсэн юм.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энхийг сахиулагчдыг “Энхийн төлөө” медалиар шагнасныг гардуулан өгсөн.
Энхийг сахиулагчдыг “Энхийн төлөө” медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнасугай” гэжээ.
“Энхийн төлөө” медалиар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Соёл, хүмүүжлийн офицер, ахлах дэслэгч Ганбаатарын Билгүүн, ТЕГ-ын ажилтан, ахлах дэслэгч Баатарын Өнөржаргал, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн эмнэлгийн албаны офицер, дэслэгч Хүрэлдаваагийн Чулуундаваа, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн салааны захирагч Батбаярын Галдан нарын зэрэг олон энхийг сахиулагчдыг шагналаа.
Дэд хурандаа Б.Чинзориг захирагчтай 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 5 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн цэргийн баазын аюулгүй байдлыг хангах үүргийг хүнд цагийн байдалд амжилттай биелүүлж, цэргийн баазын удирдлага болон командлалаас удаа дараа сайшаагдаж байжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид өмнө нь Ирак, Косово, Чад, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан.Одоо Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Судан Улсад үүрэг гүйцэтгэж байна.