УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж болгож 300 мянган төгрөгийг олгохоор боллоо.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг харгалзаж урамшууллыг олгоно гэж тогтоолд засвар оруулсан байна. Хууль зөрчсөн дээрээ улам хуулиа зөрчөөд байх юм. Ажлын үр дүнг хэлэлцэх нь цаг хугацааны хувьд болоогүй байна. Он дуусаагүй байна. Үүний оронд ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэх хэрэгтэй" гэсэн асуудлыг хөндсөн.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дээрх асуултад хариу тайлбар болгож "Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг тооцдог систем байдаг ч төсөвт урамшууллын мөнгийг нь тусгаж өгдөггүй. Тиймээс эл мөнгийг тодотголд тусгаж өгсөн. Ерөнхий сайд сахилга хариуцлагыг дээшлүүлэх шийдвэр гаргасан тул нэг талдаа төрийн албан хаагчдад хариуцлага ноогдуулах ч сайн ажилласныг нь урамшуулж байгаа явдал юм" гэв.
Санал хураалтаар олонхын дэмжлэгийг авч батлагдлаа.