Өнөөдөр нийслэл хотод 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Их хотын иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцохдоо замаа төлөвлөж, явах маршрутаа зөв мэдээлэл дээр тулгуурлан сонгож зорчих нь түгжрэлд саатахгүй, цаг заваа хэмнэх том давуу талыг бий болгодог. Тэгвэл замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай авч, явах маршрутаа сонгон саадгүй зорчих боломжтой боллоо. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын ачааллыг бууруулах зорилгоор жолооч нарт замын хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүднээс нэгэн шинэ технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр жолооч нар явах чиглэлийнхээ зай, туулах дундаж хугацааны тооцоолол, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл, осол саадын мэдээлэл, зам засвар, замын саад, төлбөртэй зогсоолын талаар шууд мэдэх боломжтой болсон байна. Хүсвэл жолооч та өөрийн явж өнгөрөх уулзварынхаа камерын дүрсийг ч харж болно. Харин эдгээр мэдээллийг авахын тулд www.UBtraffic.mn вэбсайтаар болон өөрсдийн гар утас, таблетад UBtraffic.mn аппликейшныг Play store, App store-оос үнэ төлбөргүй татан авч суулган ашиглах боломжтой юм. Мөн тус төвөөс жолооч нарт зориулан илүү хялбар шийдэл, хэрэглээг бий болгосон дараа дараагийн аппликейшнуудыг тун удахгүй гаргахаар ажиллаж байгаа аж. Замын хөдөлгөөний урсгалын талаар нэгэнт бид мэдээлэлтэй болсон болохоор бусад хөдөлгөөнд оролцогчидоо хүндэтгэн ТА-БИ-ТА зарчмаар Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөндөө соёлтой оролцох л үлдлээ.