"Утааны эсрэг ээж аавууд” ТББ нийслэлийн төр захиргааны зарим байгууллагын гадаа сануулах цуврал жагсаал хийхээр төлөвлөж буй талаараа өнөөдөр хэвлэлд мэдээллээ.
Тэд эхний сануулгаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төв байрны гадна хотын даргад хандан энэ сарын 10-нд жагсах юм.
Монголын төр ирэх онд утааг арилгахад нийт 28 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
Харин утаанаас болж өвчлөгсөд эмчилгээндээ 160 тэрбум төгрөг зарлагадах тооцоо байна.
Засгийн газар энэ онд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү: Найман жилийн хугацаанд 9,9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих тус хөтөлбөрийн 1,5 их наяд төгрөг нь гэр хороололд дэд бүтэц суурилуулах, Өмнөговийн нүүрсийг Улаанбаатарт авчирч гэр хороололын айлуудад түгээх зэрэг утаатай шууд холбоотой ажилд, үлдсэн хэсэг нь хот хоорондын аялал жуулчлалын үйлчилгээний цэг барих, гүүр, нүхэн гарц байгуулах зэрэг утаатай холбоогүй шахуу ажилд зарцуулахаар байгааг "Утааны эсрэг ээж аавууд" тийм ч үр дүнтэй арга гэж үзэхгүй байна.
Тэрбээр, “Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Тиймээс гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэж, орон сууц барих замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Нийслэлийн удирдлагын төлөвлөгөөний дагуу бол энэ онд 5000 айлыг дэд бүтцэд холбосон байх ёстой. Гэтэл өдийг хүртэл зөвхөн газар чөлөөлөлтийн ажлаас хэтрээгүй. Мөн “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр, “Түрээсийн 6000 айлын орон сууц” зэрэг төслүүд хэрэгжих амлалт нь ч биелээгүй" гэв.
Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийг гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагуур худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий “Ногоон зээлийн сан”-гийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа гэдгийг “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын зохицуулагч Т.Мандахжаргал хэллээ.
“Ногоон зээлийн сан” өнөөдрийг хүртэл иргэдэд зээл өгч чадахгүй байгаа. Харин арилжааны банкууд иргэдэд 17-19 хувийн хүүтэй Ногоон зээл олгож байгаа. Нэг айл байшингаа дулаалж, цахилгаан халаагуур худалдан авах, хоёр тарифтай тоолуур, цахилгааны утас авахад 10 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Ингэж тооцвол иргэн 10 сая төгрөг зээллээ гэхэд гурван жилийн хүүнд 6 сая төгрөг төлөх болно. Энэ бол маш өндөр хүү. Харин гадаад орнуудын Ногоон зээл маш бага хүүтэй байдаг. ХБНГУ л гэхэд жилд 1.7 хувийн хүүтэй байх жишээтэй. Тиймээс төр, засгаас ногоон зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатай"-г дуулгав.
Засгийн газар энэ оны гуравдугаар сард Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. 2025 он хүртэл хэрэгжих энэхүү хөтөлбөрт 9.9 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, жилд 1 их наяд 124 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна. Гэтэл энэ оны нийслэлийн төсөвт ердөө 28 сая төгрөг төсөвлөснийг тус байгууллагын гишүүд шүүмжилж байлаа.