Ард даатгал, "Хөдөө аж ахуйн давхар даатгал" ХК-аас улаанбуудайн даатгалд даатгуулсан нийт аж ахуй нэгжүүдээс дөрвөн аж ахуй нэгжид 211 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох болсон талаараа өнөөдөр хэвлэлд мэдээллээ.
Нэрлэсэн эрсдэлт улаанбуудайн даатгалд Сэлэнгэ, Төв, Булган аймгийн нийт 8 сумын 9 аж ахуйн нэгжийн 817.07 га талбайд тариалсан үрийн болон таваарын улаанбуудайг “Ард даатгал” ХХК даатгаж, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК давхар даатгажээ.
Энэ нь газар тариалан эрхэлж буй тариаланч байгаль цаг уурын болон бусад урьдчилан сэргийлэх боломжгүй нэр бүхий эрсдэлээс шалтгаалан ургац алдах улмаар эдийн засгийн хохирол хүлээх эрсдэлээс хамгаалах зорилготой.
Үүнээс Төв аймгийн Жаргалант, Эрдэнэсант сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутгуудад хур тунадас бага, гантай байсны улмаас хохирол учирч Алтанзалаа ХХК, Буянт төв ХХК, Газар өгөөж ХХК, Өгөөж мандал уул ХХК, Эг тариа ХХК-ууд нийт 211.2 сая төгрөгийн нөхөн төлбөр авах юм байна.
"Буянт Төв" ХХК-ий Ерөнхий менежер Ж.Билгүүн: Энэ жил 41 градус хүртэл халж ганд нэрвэгдсэний улмаас ургац муу хураасан. Гэсэн хэдий ч 2000 мянга га газрынхаа 49 га-г даатгуулсан тул 29 сая 400 мянган төгрөгний нөхөн олговор авч байна. Энэ мөнгө ажилчдынхаа цалинг олгоход багагүй нэмэр болох болно. Болзошгүй аюулаас сэргийлж даатгуулах нь маш зөв шийдвэр болсон байна.
"Өгөөж Мандал Уул" ХХК-ий Ерөнхий захирал Ч.Пэрэнлэй
"Энэ жилийн хувьд ган болсон нь тариаланч олонд хүндээр туслаа. Ялангуяа газар тариалан голлон эрхэлдэг манай Сэлэнгэ аймагт 7-р сарын 9 хүртэл 41 градус хүртэл халж зарим газрын хөрс 68-72 градуст хүрч хур тунадас багатай байлаа. Харин бид даатгуулсан газрынхаа алдагдлын 50 хувийг буюу 99 сая төгрөг нөхөн олговорт авч байгаа нь багагүй нэмэр болж байна. Тариаланч олондоо хандаж хэлэхэд бидэнд "ҮР" маш чухал байдаг тул заавал даатгуулаарай гэж уриалмаар байна" гэв.
Даатгах эрсдэлүүдэдэд хуурай халуун салхи, хүчтэй салхи, ган, хүйтрэл болон хяруу, цас, мөндөр, үргэлжилсэн бороо, гал түймэр, ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч, мал идэх болон талхлах, зэрэгт нөхөн олговор олгодог юм байна.