Агаарын бохирдолтой холбоотой асуудал зөвхөн аль нэг хороо, дүүргийнхэнд бус, нийслэлчүүдэд бүгдэд хамаатай учраас энэ чиглэлээр төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого тодорхойлогч, шийдвэр гүйцэтгэгчдийн амнаас гарсан үг бүхэн иргэдэд чухал байдаг. Хорт утаа жилээс жилд өтгөрч, нэмэгдсээр, гамшгийн хэмжээнд хүрснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь хүлээн зөвшөөрч, төрийн өндөрлөгүүд нь эрдэмтэн, судлаачдаа шийдлийн эрэлд “мордуулаад” ч тусыг эс олсон учир цаашид ямар алхам хийх нь нийслэлчүүдэд бүр ч сонин байгаа. Гэвч холбогдох байгууллага, албан тушаалтнууд урьдын л адил бүтэлгүй туршилт, оновчгүй шийдэл санал болгож, иргэдийг бухимдуулан, урмыг нь хугалах болов.
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Энэ өвөл зорилтот бүлгийн 4700 өрхөд сайжруулсан нүүрс, түлш өгнө” хэмээн өнгөрсөн сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад, иргэдээс багагүй шүүмжлэл хүртсэн. Тэгвэл тэрбээр ээлжит “гэнэтийн бэлэг”-ээ өнгөрсөн долоо хоногт задлав. Хорт утаа шүүх зориулалттай, тус бүр нь 45 сая төгрөгийн өртөгтэй төхөөрөмжийг нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад суурилуулах гэнэ. “Шүүлтүүрүүдээ захиалсан. Утааны оргил үеэс өмнө ирнэ. Энэ өвөл утаа амьсгалахгүй” хэмээн түүний ярьсныг нь иргэд олон нийтийн сүлжээнд түгээж, янз бүрээр хүлээн авч байна. “Амьд явсных алтан шүүлтүүртэй автобусанд сууж үзэх нь”, “Ийм үнэтэй байхыг бодоход үүнийг алтаар хийсэн байх”, “Эхлээд гэр хорооллынхоо бохирдлыг шийдчихээд автобусанд санаа тавь”, “Утаа бууруулах нэрийдлээр мөнгө завших гэдгээ зогсоо”, “Иргэдийг яг ингэж мунхруулдаг” гэсэн сөрөг сэтгэгдлүүд үүнтэй холбоотой мэдээллийн доор хөвөрч, зарим нь М.Дэлгэрэхийг харааж, зүхсэн байлаа. Угтаа энэ талаарх мэдээллийг олон нийтэд зарласан нь тэр болохоос биш, ийм шийдвэр гаргахад оролцож, нөлөөлсөн албан тушаалтан цөөнгүй бий.
Японы “Комотех” компанийн үйлдвэрлэсэн, 45 сая төгрөгийн үнэтэй эл төхөөрөмж нь агаар дахь хорт нэгдлийг 80 хүртэл хувиар бууруулдаг болох нь судалгаагаар тогтоогдсон гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Үүнийг эхний ээлжинд 340 тээврийн хэрэгсэлд, яваандаа бүх автобусанд суурилуулахаар төлөвлөөд байгаа аж. Агаарын бохирдол бууруулна гэсэн гоё тодотголтой иймэрхүү “шидэт” төхөөрөмжийг бид өмнө нь олонтаа туршиж, хэдэн зуун сая төгрөг салхинд хийсгэсэн учир иргэд ийн шүүмжилж, эсэргүүцэх нь зүйн хэрэг. Тэгээд ч нэгэнт ялгарсан утааг хэрхэн шүүж, багасган, нүдэнд харагдахгүй болгоход анхаарах бус, яавал ялгаруулахгүй, бүрмөсөн ангижрах вэ гэдэгт санаа тавих нь хамгийн оновчтой шийдэл гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Өөрөөр хэлбэл, эх үүсвэрийг нь анхнаас нь байгальд ээлтэйгээр шийдэх явдал юм. Бид агаарын бохирдлын дийлэнх буюу 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг гэр хорооллын утаанаас ангижрахын тулд яндангийн тоог цөөлж, хүн амыг орон сууцжуулах нь чухал гэж ярьдаг ч сайжруулсан түлш, зуух шахах кампанит ажил үргэлжлүүлсээр буй. Автобуснуудад утаа шүүгч суурилуулах нь үүнээс ер ялгаагүй, үр дүнгүй шийдэл юм. Муугаар бодоход өнөөх “шидэт” төхөөрөмж нь эрс тэс, ширүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд тохирох, эсэх, эвдэрсэн тохиолдолд засварын мөнгө хэний халааснаас гарах вэ гээд асуудал мундахгүй.
Нийтийн тээвэрт үйлчилж буй автобуснуудыг “алтан” шүүлтүүртэй болгоход шаардлагатай хөрөнгийг ЖАИКА-гийн буцалтгүй тусламжаар шийдэж байгаа гэх. Үүнд зориулж таван сая ам.доллар төсөвлөжээ. “Ийм үр дүнгүй, гоомой ажил хийх хэрэг байна уу” хэмээх иргэдийн асуултад мэргэжилтнүүд “Бидний халааснаас мөнгө гарах биш, ямар хамаатай юм” хэмээн хариулах болсон шалтгаан нь энэ. Зарим нь үүнийг сонсоод “Нээрэн ч тийм дээ” гэж бодон, ёстой л нөгөө мөнгөтэй хүн лууван гаа иднэ үү, лаагаа иднэ үү маньд хамаагүй гэсэн сэтгэлээр хандаж мэдэх юм. Гэвч таван сая ам.доллар гэдэг бага мөнгө биш. Иймэрхүү зүйлд зарцуулахад дэндүү хайран.
Нэг найз минь хүртэл “ЖАИКА-гийнхан хөрөнгийг нь шийдэж, хэрэгжүүлж байгаа юм билээ. Бидэнд хохиролгүй” гэж ярина лээ. Тус байгууллага нь тодорхой эрх, үүрэгтэй, олон улсын статустай ч гэлээ хаана, ямар үйл ажиллагаа явуулахаа дур мэдэн шийддэггүй. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх гэж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээнийхээ талаар холбогдох байгууллагуудтай санал солилцсоны үндсэн дээр зөвшилцдөг юм билээ. Нийтийн тээвэрт утаа шүүгч нэвтрүүлэх эл ажлын талаар ч ЗТХЯ, нийслэлийн ЗДТГ-ын төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзаж, санал солилцсон аж. Хэрэв тэд сүйхээтэйсэн бол таван сая ам.долларыг илүү үр дүнтэй ажилд зарцуулж болох байв. Сайжруулсан түлш, зуух, утаа шүүгч төхөөрөмж тарааснаас илүү ашигтай, үр дүнтэй ч санхүүгийн гацаанд орсон төслүүдийг урагшлуулах боломж тэдэнд байсан. Үүний нэг нь, нийслэлийн нийтийн тээвэрт байгальд ээлтэй түлш нэвтрүүлэх төсөл юм.
“Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт “Ногоон хөгжлийг дэмжсэн, амьдрахад нэн таатай хот болгох зорилтын хүрээнд БОАЖЯ, ЭХЯ, ЗТХЯ-тай агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтарна” гэж тусгасан. Энэ хүрээнд дээрх яамд нийслэлтэй хамтран эл төслийг нэн түрүүнд хэрэгжүүлэхээр болсон.
Нийтийн тээврийн гол унаа болох автобус зорчигч тээврийн хэрэгслийн 0.2-хон хувийг эзэлдэг боловч нийслэлийн агаарын бохирдол ба хүлэмжийн хийн ялгарлын 11.2 хувийг дангаараа үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Хэрэв автобуснуудаа байгальд ээлтэй түлшээр хангачихвал утаа шүүх, бууруулах нэрээр элдэв төхөөрөмж шахах, турших хэрэг гарахгүй. Төслийн судалгааг гардан гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-ынхан “Хувийн хэвшлийн болон олон улсын банк санхүүгийн байгууллагын дэмжлэгээр энэ төслийг хэрэгжүүлнэ. Санхүүжүүлэх боломж бүхий байгууллагуудтай холбоо тогтоож буй. Шийдэгдчихвэл энэ оноос хэрэгжүүлнэ” хэмээн өнгөрсөн намар ярьж байв. Гэвч хэрэгжих, эсэх нь өдий хүртэл тодорхойгүй байна. “Алтан” шүүлтүүрт зориулах хөрөнгийг энэ төсөлд зарцуулсан бол нийслэлчүүд автобуснаас ялгарах утаанаас бүрмөсөн ангижрах байсан ч юм бил үү. Гэвч тэд үүнийг тооцоолсонгүй юү, эсвэл хорт утаанаас ангижрахыг хүссэнгүй юү.