Үндэсний соёл, амралтын хүрээлэн (ҮСАХ)-гийн дэргэдэх моддыг огтолж буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, “Ногоон байгууламж хүрэлцээгүй байхад залуу мод огтоллоо” гэх шүүмжлэл гарав. Моддыг яагаад огтолсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийтийн эзэмшлийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Баатарцогтоос тодрууллаа.
-ҮСАХ-гийн дэргэдэх моддыг яагаад огтолж байгаа юм бэ?
-Замын цагдаагийн албаны урд гүүрэн зам барихаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр уг гүүрийг барих бөгөөд гүйцэтгэгч тал ирэх гуравдугаар сард ажлаа эхлүүлнэ гэсэн. Тус гүүрний нэг хэсэг нь тэнд төгсөх юм билээ. Хятадын тал дэд бүтцийн өргөтгөлийн ажлаа хийх гэж байгаа гээд бидэнд газар чөлөөлөх шаардлага хүргүүлсэн юм. Тиймээс өчигдөр (уржигдар) газар чөлөөлөх ажил эхлүүлж, ганц, хоёр мод хөрөөдсөн. Хот тохижилтын газар мод тайрах ажлыг хариуцаж байгаа. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас ажлаа түр зогсоож, хоёр, гурав хоногоос эхлүүлэхээр болсон.
-Шалтгаанаа тодруулахгүй юу?
-Аюулгүй байдлыг хангахын тулд огтлох модыг хучиж, хайс, хашлага татах шаардлага гарсан. Моддыг ил хөрөөдвөл иргэдийн сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлж мэднэ. Тиймээс маргааш (өнөөдөр) тэнд мод огтолж байгаа шалтгааныг тайлбарласан самбар байрлуулна.
-Хэчнээн мод авах юм бэ. Шилжүүлэн суулгана биз дээ?
-189 шинэсийг авах шаардлагатай. Тэдний 86 нь 4060 жилийн настай, шилжүүлэх боломжгүй учир хөрөөдөж авахаас өөр аргагүй. Харин үлдсэн нь 20-иос доош жилийн настай учир шилжүүлэн суулгах боломжтой. Бээжингийн гудамжинд шилжүүлж тарихаар нүх ухаж байгаа. Маргааш (өнөөдөр) суулгаж эхэлнэ.