Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Ulaanbaatar” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулсан бөгөөд өнөөдөр бэлгэ тэмдгийн нээлтийн арга хэмжээ тохиож байна.
Нээлтийн үеэр латин үсгээр бичсэн байгаад хүмүүс шүүмжлэлтэй хандаж "Монгол бичгээрээ бичиж болоогүй юм байхдаа" гэх нэгэн байхад өнгө үзэмж нэмсэн сайхан бүтээл болжээ "Улаанбаатар" юм чинь "Улаан" өнгөөр урлахаас яахав гэх нэгэн ч байв.
Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгож Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилт тавьж уг бэлгэ тэмдгийг бүтээсэн гэнэ. Жуулчдыг татахын тулд төр түмний бичгээ хойш тавьж латин үсгээр бичив бололтой.
Харин тус бэлгэ тэмдэг нь нийслэлийн үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг болсноороо онцлог юм.
Уг бэлгэ тэмдгийн бүтээх ажлыг “Б.Ц.Х.Ц” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд U, L, B, T үсэгнүүдийн хэмжээ 170 см бол бусад үсэгнүүд 108 см, нийт урт нь 1025 см ба суурь нь 20 см хэмжээтэй юм байна. Шөнийн гэрэлтүүлэгтэй бөгөөд гадаад дотоодын жуулчдад эерэг сэтгэгдэл дурсамж үлдээн хотын гудамж талбайн өнгө төрх, шөнийн хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болж байгаа юм.