Хамгийн ядуу эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш бус байдлыг шийдвэрлэж, тэдний эрхийг хамгаалахгүй бол дэлхийн хөгжлийн зорилтуудад хүрч чадахгүй байж болзошгүй талаар НҮБ-ын Хүн амын сангийн тайланд анхааруулсныг өнөөдөр хэвлэлд мэдээллээ.
НҮБ-ын Хүн амын сангийн тооцоолсоноор Монголд нийт жирэмслэлтийн 14 хувь нь хүсээгүй жирэмслэлт байна.
2012-2015 онд урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийн 9,7 хувь нь аюултай үр хөндөлтөөс болжээ.
Улаанбаатар Хот- Тэгш бус байдлыг нэн даруй шийдвэрлэж, ядуу эмэгтэйчүүд амьдралаа өөрсдөө шийдэх эрхтэй болгохгүй бол улс орнууд эдийн засгийн тогтвортой бус байдал, нийгмийн задралд орж болзошгүй байгааг өнгөрсөн сард НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан тайланд онцолсон байна.
Тэгш бус байдал түүний дотор бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хангаагүй улмаас нийгэмд хохирол учраад зогсохгүй дэлхийн нийтийн зорилт бүхэлдээ ганхахад хүрч болзошгүй байгааг НҮБ-ын хүн амын сангаас шинээр гаргасан "Хол зөрүүтэй дэлхий ертөнц: Тэгш бус байдлын эрин дэх нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх нэртэй тайланд анхааруулжээ.
Хамгийн ядуу эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ түүний дотор гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэхгүй бол эдийн засаг сульдаж, тогтвортой хөгжлийн тэргүүн зорилт болох ядуурлыг устгах үйл явцад саад учирна.
Монгол Улсад ядуурал ихсэхийн хэрээр гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ өсөж байгааг НҮБ-ын Хүн амын сан онцлов.
"Монголд бараг гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. Бидний тооцоогоор Монголд нийт жирэмслэлтийн 14 хувь нь хүсээгүй огт төлөвлөөгүй жирэмслэлт байна" гэж НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара тайлбарлаад "Энэхүү тоон мэдээ, мэдээллээс үзвэл эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл, холбогдох мэдээллийг авч чадахгүй, улмаар ядуурлын эргүүлэгээс гарч чадахгүй улам ядуурч байна" гэв.
ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл хэлэхдээ "Жил бүр 18,000 эх үр хөндөж байна гэсэн тооцоо байдаг. Хувийн эмнэлэгт хандсан бүртгэл тодорхойгүй гэхээр энэ тоон дээр нэмэгдэх юм. Эдийн засгийн тэгш бус байдал даамжрахын хэрээр эмэгтэйчүүдийн эрүүл мэнд зэрэг асуудалтай холбоотой бусад тэгш бус байдал даамжирч, улмаар давуу эрхтэй цөөн хэдэн хүн л нөхөн үржихүйн асуудлаа хянах боломжтой байна. Эмэгтэйчүүддээ илүү анхаарал тавих цаг нэгэнт болжээ" гэв.