Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулсан бөгөөд 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 09.30 цагт уг бэлгэ тэмдгийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгож Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Уг зорилтын хүрээнд Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрх бүхий нийслэл хотын нүүр царай болж, орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага, шинэлэг шийдэл загварыг илэрхийлсэн бүтээн байгуулалтын ажлыг хийх зорилгоор уг бэлгэ тэмдгийг бүтээв.
"Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдэг нь нийслэлийн иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлж, гадаад дотоодын жуулчдын сэтгэлд эерэг дурсамж үлдээн, хотын гудамж талбайн өнгө төрхөд нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх бүтээн байгуулалт боллоо.
Нийслэлийн хэмжээнд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдгаас хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 80, түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 гаруй уран баримал, хөшөө байдаг байна. Харин тус бэлгэ тэмдэг нь нийслэлийн үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг болсноороо онцлог юм.
Уг бэлгэ тэмдгийн бүтээх ажлыг “Б.Ц.Х.Ц” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд U, L, B, T үсэгнүүдийн хэмжээ 170 см бол бусад үсэгнүүд 108 см, нийт урт нь 1025 см ба суурь нь 20 см хэмжээтэй юм.