Монголын Байгаль орчны Иргэний зөвлөл МБОИЗ нь 700 шахам ТББ, нөхөрлөлийг эгнээндээ нэгтгэсэн, 21 аймагт салбар зөвлөлтэй, Үндэсний хэмжээний байгаль орчны байгууллагуудын нэгдэл "Шүхэр" байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт өнөөдөр мэдэгдэл хүргүүлж байгааагаа сэтгүүлчдэд мэдээллээ.
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн доктор, профессор Д.Басандорж мэдэгдэл хүргүүлэх болсон шалтгааныг тайлбарлахдаа:
Өнөөдөр улсын хэмжээнд байгаль орчны доройтол 1990-ээд оны дундаас эхэлсэн "Алт-1" хөтөлбөрийн хүрээнд газар шороогоо ухаж гамшгийн хэмжээнд хүргэсэн үеийнхээс дээрдээгүй байна. Харин ч эсрэгээр шинээр зарлаад байгаа "Алт-2-хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн компаниуд газар шороо руугаа дахин дайрч байдал улам дордож байна. Үүнийг Төв аймгийн Заамар сум болон Баянхонгор аймагт болж өрнөсөн малчид, ард иргэдийн тэмцлээс харсан билээ. Тиймээс МБОИЗ "Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг нэн даруй зогсоохыг төр засгаас шаардаж байна.
Хоёрт Уул уурхайн лицензүүдийг шинээр олгохыг зогсоохыг шаардаж байна.
Гуравт Байгаль орчны асуудлаар мөнгө угаадаг дотоодын хамтарсан сүлжээ, бүлэглэлийг ил болгож Үндэстэн дамнасан корпорациудын захиалга, санхүүжилтээр ажилладаг олон улсын зарим байгууллагыг хянаж Монгол дахь үйл ажиллагааг зогсоож, хөөж гаргахыг мэдэгдлээ.
Энэ зөвхөн дотоодын жишээг хэлэхэд утааг арилгана гэж өнгөрсөн жилүүдийн хугацаанд улсаас нийтдээ 147 тэрбум гаруй төгрөг гаргасан боловч агаарын бохирдол буураагүй, харин ч эсрэгээр үүгээр далимдуулж төр, засгийнхан мөнгө идэх нэг аргаа болгон хурал чуулган үзэсгэлэнгээс хэтрэхгүй байна. Үнэндээ утааг арилгах талаар дотоодын эрдэмтэн, мэргэжилтнүүдийнхээ хийж бүтээж, санаж сэдэж буй зүйлүүдийг амьралд нэвтрүүлэхгүй иргэдийнхээ санал санаачлага үгийг сонсохгүй байгаа нь гагцхүү мөнгө саах гэсэн зорилго юм.
Дээрх бүхнийг тусгасан 12 зүйл бүхий мэдэгдлийг бид төр засагт хүргүүлж, салбарын хэмжээнд шийдэх асуудлыг БОАЖ-ын шинэ сайдтай уулзаж тусд нь шаардах юм. Манай байгууллага байгаль орчин чиглэлээр төр, засагтай хэрхэн хамтарч ажиллаж, юу хийх вэ гэхээр:
- Уул уурхайгаас үлдэж буй экологийн ул мөрийг арилгаж, хохирлыг нөхөн төлүүлэх
- Лиценз, зөвшөөрлүүдэд мониторинг хийж, нийгэм олон нийтэд ил тод болгох
- Байгаль орчныг хамгаалахад гаргаж байгаа зарцуулахад хяналт тавьж шалган үр дүнг гаргах, нөхөн сэргээлт хийлгүүлэх
- Байгаль орчны салбар дахь хууль бус үйлдлүүдийг гаргаж ирэн таслан зогсоож хариуцлага хүлээлгэх явдал юм.