Дэлхий даяар боолын нийгэмтэй байсан цаг үед Чингис хаан иргэний төр байгуулжээ. Иргэдээ дээдлэх нь хөгжилд хүрэх хамгийн зөв зам хэмээсэн их хааны маань бодлого, төрийн загварыг өөрийн чиг болгосон АНУ өнөө цагийн хамгийн хүчирхэг гүрэн болсон. Сүр жавхлангийн дуулал гэмээр бахархалт түүх цадигтай Монгол Улс нэгэн цагт ард иргэдээ ч, олон хэлийн хүмүүсийг ч хамгаалж, хайрлаж, тэдний амьдрал ахуй, төвхнөн суурьших нөхцөл боломжийн төлөө бодлого хэрэгжүүлж ирсэн талаар энэ мэтээр дурдвал олон. Энэ тухай бид ном судраас бишгүй л уншдаг. Тэгвэл орчин цагийн Монгол Улсын төр иргэн төвтэй байна гэж 1992 оны Үндсэн хуульдаа заасан. Иргэнээ “дээдэлдэг” төрийн нүүрийг 25 жилийн турш харсан монголчууд өнөөдөр эр зоригоороо, байгалийн өгөгдлөөрөө, бүр тодуулбал, араатан зөнгөөрөө амьд үлдэхийн төлөө явж байна гэхэд хилсдэхгүй. Өнөөгийн манай нийгмийн дүр зургийг харахад энэ улсад хүн амьдардаг болов уу гэж эргэлзэхэд хүргэх хачин төсөөлөл тодорно. Монгол “хүнгүй болсон”-ыг илтгэх хэдхэн жишээ өгүүлье.
ХҮН ХААГУУР НЬ ЗОРЧИХ ВЭ
Монголын цорын ганц хот Улаанбаатарын гудамж, талбайн явган хүн зорчих хэсэг автомашинд “эзлэгдсэн”. Дэлгүүр, цэцэрлэг, сургууль, албан байгууллагын гаднах орчин болсон “алга дарам” газарт “хөглөрөх” машинуудын хаагуур нь хүн явах юм бэ. Ердөө наад захын ганц жишээ гэхэд, Жуулчны гудамжны урд байрлах “Бишрэлт” худалдааны төвийн өмнөх талбайг тээврийн хэрэгслийн зогсоол болгож, цагаан, шар өнгөөр зааглан будсанаас болж хүмүүс авто замын хашлага дээгүүр, аль эсвэл төмөр “нөхдийн” зай завсраар багтах гэж циркийн үзүүлбэр шиг юм болж байгааг холбогдох газрынхан нь мэддэггүй гэсэн. Урд талаасаа авто зам хөндлөн гарсан хүн тэр талбай дээр осолдох, дугуйн “нөхөөс” болоход тун ойрхон. Авто зам дээр ч, явган зорчигчийн хэсэгт ч, ажлын газар, амьдардаг байрныхаа гадаа ч амь дүйн гүйх иргэдийг хотын аль ч хэсгээс харж болно.
Тээврийн хэрэгсэлд зориулсан замтай холбоотой өөр нэг асуудал бол унадаг дугуйтай явах хэсэг. Жийдэг дугуй ч тээврийн хэрэгслийн нэг төрөл мөн байх. Гэтэл нийслэлд цөөхөн байгаа, унадаг дугуйны замыг явган хүнийхээс огт ялгагдахгүй тавьсан нийтлэг дүр зурагтай. Замын хоёр үзүүрт, дунд хэсэгт шар өнгөөр дугуй зурчихаар л зориулалтынх болчихдог гэж эндүүрээгүй байлтай. Хотын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд гадаадад зорчиж, өчнөөн л туршлага судалж, нүд нээсэн байгаа. Манайх шиг чухам хэнд, юунд зориулагдсан нь үл ойлгогдох зам, талбайтай улс байхгүйг тэд мэдэж л байгаа.
Хүн амынх нь талаас илүү хувь төвлөрсөн Улаанбаатарт машиндаа л найр тавьдаг ийм байдал хэвийн үзэгдэл болсныг дуулгахад нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Би тийм юм мэдэхгүй. Баримтжуулаад зургийг нь аваад ир” гэж тун найрсаг хариулсан.
Жил гаруйн өмнө нийслэлийн судсыг барихаар гарч ирэхдээ С.Батболдын баг “Хүнээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлнэ” гэсэн гоё үг “унагасан”. Мээр бас саяхан “Хотын чанарыг хүн амынх нь аз жаргалын индексээр хэмждэг. Бид улаанбаатарчуудыг аз жаргалтай, эрүүл орчинд баталгаатай, чанартай амьдруулна” гэж ирээд л мишээж байгаа харагдсан, зурагтаар. Энэ амлалтаа хэр биелүүлж буйг нь нийслэлийн удирдлагад авто замын түгжрэл, эмнэлгийн хонгилд зулж хэвтсэн иргэд, цэцэрлэггүйн улмаас гэртээ цоожлуулдаг хүүхэд, багачуудын дүр зураг хэлээд л байгаа.
МАШИНАА ҮЗЛЭГТ ХАМРУУЛААРАЙ
Машин нь хүнээс чухал юм шиг, дөрвөн дугуйтаа иргэдээсээ чухалчилж, хайрлаж, гамнадаг улс Монголоос өөр байдаг болов уу. Төрийн үүрэг бол иргэдийнхээ амьд явах эрхийг хангах, сайхан амьдарч, ажиллах нөхцөл боломжоор хангах шүү дээ. Гэтэл Монголын төр машины төлөө бодлого хэрэгжүүлээд байна уу гэж андуурмаар хачин үзэгдэл манайд бий. “Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь тээврийн хэрэгслээ жилд нэг удаа техникийн хяналтын үзлэгт оруулах үүрэгтэй. Тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулахгүй бол замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн этгээдэд тодорхой хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” гэж Автотээврийн тухай хуулийн 17, 23 дугаар зүйлд заасан. Үүнийг буруутгах гэсэнгүй. Хамгийн гол нь төмөр хөлөг нь ямар “өвчин туссаныг” илрүүлэх кампанит ажлыг орон даяар өрнүүлдэг хэрнээ хүнээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тал дээр хүчилдэггүй, сурталчилдаггүй, ухуулан, шаарддаггүй нь “хүнгүй” Монгол мэт сэтгэгдэл төрүүлнэ. Үүний улмаас иргэд нь өвчилж цаг бусаар “гэнэт” л хорвоогоос явдаг жишээ манайд олон. Монголдоо ганц Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлэгчдийн олонх нь өвчний хожуу буюу гурав, дөрөвдүгээр үедээ ирдэг гэсэн харамсалтай судалгаа байна.
Машинаа болохоор арчиж, зүлгэж, даатгуулж, оношлуулж, чимж, гангардаг хэрнээ бие махбодио гаргуунд нь орхидог хэнэггүй зантай монголчуудыг жилд ганц удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг болохсон, авто тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд хамруулахыг хуульчлан заасан шигээ. Хэдхэн жилийн өмнө Дэлхийн банкнаас гаргасан судалгааны тайланд “Монголд жилд дунджаар 15 мянган хүн нас бардаг” гэжээ. Хэрэв хүн амаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах хуультай болж, түүнийгээ хэрэгжүүлж чадвал өвчнөөр хорвоог орхих эрсдэл буурах учиртай.
Олон орны туршлагаас сонсох нь ээ, элдэв өвчнийг эхний шатанд нь илрүүлж чадвал нас барах магадлалыг 60 хүртэл хувь бууруулдаг гэсэн.
Аливаа улсын үндсэн хөрөнгө нь иргэд. Харин машин бол эвдэрвэл засаж болдог хэрэглээ төдий хэлхээтэй төмөр. Автомашиныг албадан оношлуулдаг хэрнээ алт эрдэнэсээс үнэтэй хөрөнгөө болохоор “эвдэрсэн” хойноо эмнэлэгт үзүүл гээд орхидог ийм улсын ирээдүй бүрхэг байна.
Иргэдээ эрүүл мэндийн зарим оношилгоонд зайлшгүй хамруулах хуультай улс цөөнгүй. Америк гэхэд л 45-аас доош насны иргэдээ жилд нэг удаа ДОХ-ын шинжилгээнд хамрагдахыг хуульчлан заажээ. “Албадан” оношилгоонд ороогүй тохиолдолд мөнгөн торгуулиас эхлээд биеэр ял эдлэх нигууртай аж. Францад ч ийм хууль бий. ХБНГУ зэрэг зарим оронд ДОХ-оос гадна эрүүл мэндийн бусад үзлэг оношилгоонд тодорхой хугацааны давтамжтай орохыг хуульчилсан байдаг.
Уг нь нэг хэсэг “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд хэдэн мянган хүн сүрьеэ, хорт хавдар, чихрийн шижин, бэлгийн замын халдварт өвчнөө эрт үед нь оношлуулсан баримт бий. Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь зөвхөн өвчин илрүүлэх биш, эрүүл амьдрах хэв маягийг сурталчлах чухал ажил. Ингэснээр улсын эдийн засагт ч том хөрөнгө оруулалт болно. Тэгж чадвал “Чи бүсээ чангал, би харин жаахан суллая” гэж маргаж, төсөв хэмнэх хэрүүлээс ч холдоно.
МӨНГӨ ХҮҮЛЭГЧИЙН ХАЛААСАН ДАХЬ УЛС
Урд хөршийн дарга Си Зиньпин төрийнх нь бодлого ямар байгааг ард иргэдийнх нь царайнаас харж болно гэсэн. ХКН-ын XIX их хурлын нээлтийн үеэр намын гишүүддээ хандан ард иргэдтэйгээ нэг агаараар амьсгалж, тэдэнтэй бодит харилцаа тогтоохыг уриалсан тэрбээр ядууралтай тэмцэх бодлого хэрэгжүүлэхэд анхаарсны ачаар 2012-2016 онд 55 сая иргэнийх нь амьжиргааны түвшин дээшилсэн гэдгийг дэлхий даяар сайшааж байна. Гэтэл гурван сая гаруйхан иргэнтэй Монгол Улсад ядуурлын түвшин өссөнийг Дэлхийн банктай хамтран хийсэн Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харж болно. Хотод ч, хөдөөд ч энэ үзүүлэлт өндөр гарсан нь “хүнгүй” Монголын эмгэнэл.
Манайд өргүй, зээлгүй, лизинггүй хүн байгаа болов уу. Хүүхдээ боловсролтой болгох гэж сургалтын зээл авна. Хүний л хэрэгцээ болсон юм хойно, машин лизингээр авч унана. Хөргөгч эвдэрчихлээ, хэрэглээний зээл авъя. Байшин барих гэсэн юм, банктай “найзлахаас”. Орон сууцанд амьдармаар байна, найман хувийн зээл олгож байгаа болов уу. Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд нэг сая төгрөг хүнээс зээлээд өгчихлөө. Хажуугийн ТҮЦ-ээс будаа, гурил, талх зээлээр авчихлаа. Бидний өдөр тутмын амьдрал энэ мэтээр өр, зээлийн системээр явж байна.
Ямар сайндаа л “Өртэй хүн баян” гэсэн яриа гарах вэ дээ. Энэ бол монголчууд ядуурлын шугам дээр хэрхэн дэнжигнэж буйн жишээ. Ядуурлын шугам гэдэг нь амьжиргааны наад захын хэрэглээг хангах зардал гэж мэргэжлийн хүн тайлбарласан. Тэгэхээр бид өлсөхгүйн тулд, нүцгэн явахгүйн төлөө л амь тэмцээд байгаа хэрэг.
Өнөөдөр монгол хүмүүсийн царай ерөнхийдөө баргар, нүднийх нь гал буурч, хилэнтэй болсныг гадаад, дотоод гэлтгүй хэн хүнгүй л хэлдэг. Энэ бол иргэн “төвтэй” манай төрийн царай. Монголчууд нийтээрээ ядуу байгаагийн гол шалтгаан нь банкны буруу тогтолцоо гэж олон улсын хөндлөнгийн хяналтын байгууллагад удаан хугацаанд ажилласан нэгэн найз минь тайлбарласан. Хамаг зүйл эдийн засаг буюу халаасны чадавхаас хамаардаг нь аль ч нийгмийн зүй тогтолцоо. Банкны зээл, хүүгийн бодлого нь зөв, иргэнийхээ төлөө бол өрийн дарамт гэдэг “мангасанд” идүүлэхгүй хэн хэндээ тустай, ашигтай явах боломжтойг тэрбээр онцолсон. Өнөөдөр ядуу байгаа учраас л өр тавин амьдарч байгаа. Солонгос савангийн дуурьт гардаг шиг амьдралын эрхээр хэдэн цаас зээлж, түүнийхээ хүүг төлөөд, сүүлдээ дийлэхээ больж, “хохирлыг” биеэрээ барагдуулж байгаа жишээ Монголд байна. Хэрэв банкууд нь боломжийн хүүтэй бол хэн тэгж хувь хүний аманд орох юм бэ.
Өнөөдөр монгол хүн байгаагаасаа илүү сайхан амьдрах боломж үнэндээ алга. Амьдралын нөхцөлөө сайжруулаад орон сууц авах, эсвэл байраа томруулах иргэдэд ипотекийн зээл гээч нь олддоггүй. Тиймээс нэг сарын 1.2-1.5 хувийн хүүтэй зээл авахад хүрсэн талаараа олон хүн ярьсан. Яг ийм шалтгаанаар банкнаас 75 сая төгрөг зээлсэн хүн 10 жилийн дараа энэ мөнгийг 168 сая гаруй төгрөг болгож өгнө гээд инээх, уйлахын хооронд явна. Энэ бол ердөө ганцхан тохиолдол. Мөнгө хүүлэгчийн системтэй ийм банк чухамхүү бидний Монголынх.
Дандаа л хүнээ бачимдуулсан, шахсан, дарамталсан, сандаргасан энэ мэт зовлонтой жишээ манайд арвин. Ингээд бодохоор Монгол хүнгүй улс юм уу гэмээр. Манайд ноос, ноолуурын төслөөр нэг жил гаруй ажилласан америк гэр бүлийн хоёр “Монгол уг нь сайхан орон. Хаана ч байхгүй үзэсгэлэнт байгалийг танайхаас л харсан. Гэрийнхээ цонхоор уул, усаа хараад сэтгэл тэнүүн байх боломж чухам Улаанбаатарт л байна. Харамсалтай нь, танай дарга нар иргэдийнхээ амьдралыг үнэнхүү мэдэхгүй юм. Цөөхөн хүн амтай хэрнээ өдөр бүр л жаахан охидыг хүчирхийлсэн хэрэг гардаг ч арга хэмжээ авахгүй байна. Тиймээс л танайд зэрлэг балмад явдал тасрахгүй байгаа юм. Бид удахгүй нутаг буцна. Зам хөндлөн гарах гэж айхгүй, халтирч унах вий гэж газар шагайхгүй явах нь. Тэгсэн ч бид Монголд дахин ирэхийг хүсэж байгаа” хэмээлээ. “Муухай Монгол”-д дахиж ирэхийг хүссэн шалтгааныг нь асуухад “Танай дарга нар л муу болохоос улс чинь муухай биш” гэсэн. Төр нь иргэнээ боддоггүй л гэсэн үг аж. Тэгэхээр биднийг удирдан залж буй хэдэн хүн л Монголыг “хөөрхөн” харагдуулахад том үүрэгтэйгээ ухаараасай.