МҮОХ-ноос “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааныг ирэх сарын 1-нээс 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны хооронд ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулах болсон талаараа мэдээлэл хийлээ. Уг уралдаан нь Монгол Улсын хэмжээнд олимпийн боловсролыг дээшлүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, тэднийг спортод дур сонирхолтой болгож өөрийгөө нээн хөгжүүлэх зорилготой юм.
Хоёр үе шатай зохион байгуулах энэхүү болзолт уралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх ерөнхий боловсролын сургууль оролцох боломжтой.
Уралдааны эхний үе шатанд Олимпийн танхимыг шинэчлэн тохижуулж, сургуулиуд багш, сурагчдынхаа дунд
- “Олимпийн өдөрлөг” сургалт,
- Гар зургийн уралдаан,
- Танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн
- Эсээ бичлэгийн уралдаан
- Олимпийн болон биеийн тамир, спортын алдартнуудтай уулзах гэх мэт ажлуудыг зохион байгуулах ёстой.
Мөн спортын тодорхой төрлүүдээр дугуйлан хичээллүүлж, аймаг, дүүрэг, улсын хэмжээний тэмцээнд баг тамирчдаа оролцуулах, сургуулийнхаа хэмжээнд 5-аас доошгүй спортын төрлөөр тэмцээн зохион байгуулах, “Сургуулиараа шатарчин болох” хөдөлгөөн өрнүүлэх ёстой. Эдгээр ажлаараа аймаг, дүүрэгтээ шилдгээр тодорсон 30 сургуулийг хоёрдугаар шатанд оролцох эрхийг олгох юм. Хоёрдугаар шатанд мөн дээрх ажлуудыг хэрхэн зохион байгуулсныг нарийн судлан, үр дүнг нь тогтоож, нэг сургуулийг шилдгээр шалгаруулах аж.
Шилдэг сургуулийн захирал, биеийн тамирын багш болон тухайг аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийн дарга, Боловсрол, соёлын газар, Биеийн тамир, спортын газрын дарга нарыг ирэх онд Индонезийн Жакарта хотод болох Азийн зуны спортын их наадам үзэх эрхээр шагнана. Мөн тухайн сургуулыг урамшуулахаас гадна, Сурагчдын шилдэг багт Олон улсын хүүхдийн зусланд амрах эрх олгох юм.