2007 онд 27 настайдаа анх “Оскар”-т нэр дэвшсэн энэ хүн 10 жилийн дараа мөн л “алтан хүн”-ий төлөө өрсөлдөж, догдлон суув. Гэвч эл шагналаас хоёр дахиа мултарсан түүнийг хэзээ нэгэн цагт “Оскар” авах чадвартай, өвөрмөц жүжигчин гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Тэр бол Канадын жүжигчин, хөгжимчин, дуучин Райан Томас Гослинг.
Франц, канад, англи, шотланд, герман гээд олон үндэстний цус холилдсон Райаныг хүмүүс наймаалжны маханд нугасгүй, цэнхэр өнгөнд дуртай гэхчилэн хувийн амьдралыг нь тэр бүр мэдэхгүй ч харин багадаа Америкийн алдарт “Микки маус” клубийн гишүүн байсныг нь андахгүй. Тэрбээр Бритни Спирс, Кристина Агилера, Жастин Тимберлейкийн адил тэр л клубээс “төрсөн” од.
2004 онд “People” сэтгүүлийн рейтингээр хамгийн сэтгэл татам 50 гоонь эрийн нэг болж байсан энэ хүн өдгөө хоёр охины аав.
Райан багадаа анхаарал дутмагшлын синдром буюу нэгэн төрлийн сэтгэл мэдрэлийн эмгэгтэй байжээ. Ийм оноштой хүүхдүүдийн төвлөрөх чадвар үе үе алдагдаж, заримдаа биеэ хянаж чадахгүй хэт идэвхтэй болдог онцлогтой учраас ээж нь ажлаасаа гарч, хүүхдээ харахад хүрсэн гэдэг. Хэдий тийм ч Райан дуулж, бүжиглэх авьяастай хүү байлаа. Ээж нь хүүгийнхээ эл чадварыг хөгжүүлэхэд анхаарч, эгчтэй нь элдэв арга хэмжээ, хуримын ёслолд дуулуулдаг байсан нь ирээдүйн жүжигчнийг бэлтгэсэн том сургууль болсон аж. Ингээд зогссонгүй түүнийг балетаар хичээллүүлснээр өөртөө итгэх чадварыг нь өсгөсөн гэнэ. Энэ бүхнээс үүдэн Райаныг 12 настай байхад “Микки маус” клубт хичээллүүлэх болжээ. Тэрбээр 17 настайдаа дэлгэцийн урлагт татагдав. 2002-2003 онд “The Notebook” кинонд тоглосноор олон нийтэд илүү танигдсан энэ хүн өдгөө дэлхийн хэмжээний од болтлоо өссөн.
Буяны үйлсэд ялангуяа хүүхдийн төлөө гар татдаггүй Райан нэг хэсэг өөрөөсөө 17 насаар эгч Сандра Баллоктой хайр сэтгэлийн холбоотой байсан. “Би хүүхэд наснаасаа салахыг хүсдэг байлаа” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан түүнийг “Esquire” онцолсныг болгооно уу.
- Би заримдаа 50 нас гараад кинонд тоглож байгаа өөрийгөө төсөөлөхийг оролддог. Тэгэх бүртээ төсөөллөөсөө илүүтэй яах бол гэсэн бодолд хөтлөгдчихдөг юм.
- Би ер нь хэвлэлд ярилцлага өгөх дургүй. Зарим сэтгүүлч хэтэрхий олон зүйл асуугаад, би бүр хариулж чадахгүйд хүрдэг. Жишээ нь, яагаад жүжигчин болсныг минь асуухаар үнэндээ хариулт олддоггүй. Би өөрөө ч яагаад жүжигчин болсноо мэдэхгүй.
- Би бараг галзуу, солиотой гэмээр хүүхэд байсан шүү дээ. Яагаад ч юм бэ, бушуухан л том болоод, ажил хийхийг хүсдэг байлаа.
- Өсвөр насандаа би нэг хэсэг Флоридагийн “Disney world”-д ажилладаг байв. Тэр үе бол үнэхээр аз жаргалаар бялхсан он жилүүд. Толгойдоо Микки маусын том баг өмсөж, энд тэнд харайлгаад, завсарлагаар нь кофе ууж, заримдаа хий үзэгдэл, дээрэмчин “болно”. Тийм орчин хүний нүдийг нээж, хорвоотой танилцуулдаг юм билээ.
- Гудамжинд явж байхад хүмүүс надаас байнга л “Райан мөн үү” гэж асуудаг. Тэгээд хамтдаа зургаа авахуулж, бүр гарын үсгийг минь авдаг. Тэгж олны анхаарлыг татаж байгаадаа санаа зовоод хааяа “Би Райан Рейнольдс (Канадын алдарт жүжигчин) биш шүү дээ. Андуурсан юм болов уу” гэж боддог.
- Сүүлийн үед хүмүүс намайг хэтэрхий таниад байх шиг. Тийм болохоор амрахаар явахдаа өөрөөрөө байх боломжтой тийм газрыг сонгодог болсон.
- Олны танил байх амаргүй. Эргэн тойронд байгаа хүн бүр намайг таниад байдаг. Гэтэл би тэднийг огт мэдэхгүй байхаар их сонин санагдах нь бий.
- Суу алдар гэж чухам юу болохыг би үнэндээ тодорхойлж чадахгүй. Миний хувьд найман настайгаасаа л урлаг, соёлтой холбогдож явсаар өдий хүрсэн. Хэзээ хүмүүс намайг анзаарч эхэлснийг хэлж мэдэхгүй юм. Үүнийг нэг жишээгээр тайлбарлая. Эмээгийн минь нэг найз амьд хавчийг усанд хийгээд, зуухаа залгасан. Хөөрхий амьтан хаашаа ч гарах гарцгүй болсон ч тийчилж, эцсээ хүртэл аравганасан. Хавч яагаад үхэх болсноо ч мэдэлгүй нүд анилаа. Үүнтэй адил би хэзээнээс хүмүүсийн анхаарлын төвд орсноо өөрөө ч мэдэхгүй.
- Зарим том дэлгүүр үйлчлүүлэгчдийн дунд уралдаан зарладаг. 10 минутын дотор амжиж хүссэн бүтээгдэхүүнээ авах уралдаан. Миний ажил үндсэндээ ийм л зарчмаар явдаг. Өөрт ногдсон дүрийг өгөгдсөн хугацаанд амжуулж “амилуулаад”, оронд нь мөнгө авдаг.
- Бүх насаараа жүжигчний ажил хийх боломжгүй. Тиймээс амьдралын марафонд ялагдахгүйн тулд үргэлж өөр хувилбараар бодож сурах ёстой.
- Хөгшрөхийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Үнэндээ нас гэдэг тоо юм. Цоглог, цовоо сайхан настан олон байгааг бид мэднэ. Харин ч би хөгшрөхөө тэсэн ядан хүлээж байгаа шүү.
- Нүдээ аньчихсан байгаа зургаа харахаар аймаар санагддаг.
- Намайг дөрвөн настай байхад манайх Канадын Онтарио мужийн Корнуолл хотод амьдардаг байлаа. Чухам тэр газарт би анх сүнс харсан. Их өндөр настай болов уу гэмээр буурал толгойтой өвгөний сүнс. Ямар ч гэм хоргүй тэр өвгөн зүгээр л суугаад байсан. Гэхдээ л намайг айлгаж дөнгөсөн. Би ээждээ тэр буурлын тухай хэлэхэд “Би харахгүй байна гэсэн. Манайхан ч тийм хөгшин хүн энд алга” гэсэн. Тэр сүнсийг би нэг хэсэг харж, сүүлдээ дасаад айхаа больсон юм. Тэгтэл нэг өдөр ээж минь нөгөөх өвгөнийг харсан гэж байна. Дараахан нь ах минь, бас өвөөд тэр сүнс харагдсан. Тэгээд л манайх тэндээс нүүсэн. Одоо бодоод байхад би тэр үед үнэндээ сүнс хараагүй, зүгээр л сэтгэлдээ тийм зүйл ургуулан бодсон байх. Тэгээд миний төсөөлөл бусад хүнд итгэл үнэмшил төрүүлсэн байж мэдэх юм. Ер нь би сүнс, хий үзэгдэлд итгэдэггүй.
- Насанд хүрсэн хүн байхын хамгийн том ололт нь дуртай амттанаа хүссэнээрээ хүртэх явдал биз дээ.
- Яг үнэндээ, үнэ өртөгтөө тохирсон амттан энэ дэлхий дээр ховор шүү дээ.
- Заримдаа би яг л эмэгтэй хүн шиг хэрүүлч болчихдог. Магадгүй, ээж, эгчтэйгээ өссөн болохоор эмэгтэй хүний ааш авир, амьдралын хэв шинж нь миний тархи, сэтгэлд “программ” болон үлдсэн байх. Наад зах нь, би эсрэг хүйстнээ маш сайн ойлгодог чанарыг тэднээсээ өвлөж авсан гэж боддог.
- 2010 онд “Blue Valentine” киноны зураг авч дууссаны дараа би эмнэлэгт үзүүлсэн юм. Эмч надад онош тавьж, эм бичиж өгсөнгүй. Харин “Та инээдмийн кинонд тогло” гэснээс өөр юм хэлээгүй.
- Хүүхэд байхдаа анх “Рэмбо” кино үзээд, ангидаа хоолны хутганы бүс зүүгээд очлоо. Тэгээд завсарлагаанаар нэг хөвгүүнд нөгөөх “хуйгаа” үзүүлээд, онгирчихлоо. Гэтэл тэрбээр ээжид минь ховлочихсон байв. Тэгээд л тулаантай кино үзэх эрхээ хасуулсан даа. Энэ явдлаас нэлээд хожуу кино театрт “Рокки” үзээд гарч явахдаа нэг залуутай “шөргөөцөлдсөн”. Яагаад ч юм бэ, тэдгээр киноны баатар шиг байх хүсэл төрөөд байсан хэрэг.
- Ер нь театрт кино үзчихээд гарахад нэг л сонин, гоё мэдрэмж төрж, жигтэйхэн гэгээрсэн, гэгээлэг хүнтэй уулзсан мэт болдог.
- Миний Марлон Брандо бол Жин Уайлдер (Америкийн киноны зохиолч, найруулагч). Чухамхүү тэр л хүн чиний зүрх сэтгэлийг “урж”, уйлуулж, инээлгэж чадна.
- Хүний чанарыг таних хамгийн шилдэг арга бол хамтран ажиллах. Эсвэл хамтдаа удаан хугацаагаар аялах.
- Уйтгар гунигтайгаа би хэрхэн тэмцдэг гээч. Яг Эм Си Хаммерынх шиг, хуучин өмдөө гаргаад өмчихнө. Тэгээд л боллоо. Хаммерын нэг гайхамшиг нь тэр өмдөнд байсан болов уу. Тэр үнэхээр ухаантай эр шүү. Тэгсэн атлаа яагаад дампуурчихсаныг нь ер ойлгодоггүй.
- Хүний дотор байгаа бүхэн хайрын, эсвэл хайхрамжгүй байдлын үр дагавар гэж боддог.
- Миний нохойг Жорж гэдэг. Бид 13 жил хамтдаа амьдарч байна. Энэ бол миний хувьд хэн нэгэнтэй хамгийн удаан хугацаанд дотноссон анхны тохиолдол.
- Ганц удаа сайн үйл хийснээр сайн хүн болохгүй.
- Миний тархи, мэдрэхүй яг л бингалын гал шиг.