БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нийслэл Пхеньян хот дахь гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ. Ингэхдээ тэрбээр гэргий Ри Соль Жу болон Хөдөлмөрийн намын нөлөө бүхий гишүүдийн хамт явсан тухай NHK мэдээллээ.
“Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл нь Умард Солонгост шахалт үзүүлнэ. Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй байхыг АНУ хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис мэдэгдсэнээс нэг хоногийн дараа дээрх мэдээллийг БНАСАУ-ын төв телевиз үзүүлсэн байна. Ким Жөн Ун үйлдвэрийн хамт олныг сайшаагаад, дэлхийд өрсөлдөх хэмжээний гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг уриалсан гэнэ. Түүний эцэг Ким Жөн Ир 14 жилийн өмнө энэ үйлдвэрт зочилж байжээ.