Нийслэлийн ИТХ-ын XII хуралдаан өчигдөр болж, Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн саруудад хэрэгжүүлсэн тусгай төлөвлөгөөний биелэлт зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан байна. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан 2018 оны Үндсэн чиглэлийн төсөлд 410 ажил, арга хэмжээг хийж, хэрэгжүүлэхээр тусгасныг онцлоод дараах ажлуудыг ирэх оны зорилтод тусган, яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлагатайг дурдсан юм.
Үүнд нэгдүгээрт, хот байгуулалт, дэд бүтцийн норм стандартаас эхлээд нийгмийн эрүүл мэнд, боловсрол, нийтийн үйлчилгээ, хүнсний хэрэглээ, амьдрах орчин, гудамж талбай, иргэд оршин суугчдын аюулгүй байдал зэргийг хангахтай холбоотой хотын хөгжлийн цогц стандартыг шинээр боловсруулж, бүх салбарт нэвтрүүлэх.
Хоёрдугаарт, нийслэлийн ногоон хөгжлийн тусгай сан байгуулж, хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад нэн шаардлагатай санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх, гуравдугаарт, агаарын бохирдлын эх үүсвэр болсон зуух янданг хязгаарлаж, шинээр нэмэхгүй байх журмыг судлан боловсруулж, хэрэгжүүлэх, агаарын чанарыг хангах, байгаль орчны байцаагчийн давхар үүргийг нийслэл, дүүрэг хороодын хэсгийн ахлагч гүйцэтгэх асуудлыг шийдвэрлэхийг дурджээ. Мөн утааны эх үүсвэрийн багагүй хувийг эзэлж буй бүх төрлийн нам даралтын зуух хэрэглэгчдийг 2018 онд багтаан төвийн шугамд холбох, эсвэл бүрэн цахилгаан болгох ажлыг зохион байгуулж, хяналт тавих, иргэдийн эрүүл мэндэд нэн хортой тоосго, төмрийн үйлдвэрүүдийг нийслэлийн нутаг дэвсгэр, суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлэх ёстойг онцлов. Эдгээр саналын дагуу иргэд, олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, нийслэлийн ИТХ-аар энэ онд багтаан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тэрбээр хэлсэн юм.