БНХАУ-ын 60-аас дээш настны тоо 2035 он гэхэд 400 саяд хүрнэ гэж тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах холбоо мэдээлжээ. “Манай улс 2000 онд насжилт өндөртэй орнуудын нэг болсон. Тэр цагаас хойш өндөр настны тоо жил бүр 10 саяар нэмэгдэж байна” гэж тус байгууллагын тэргүүн Жэн Гунчэн хэлсэн байна.
Өдгөө Хятадад 240 сая өндөр настан бий. Нийгмийн энэ давхаргын хүрээ улам бүр тэлж байгаа нь улсын төсөв, эрүүл мэндийн тогтолцоо, нийгмийн халамжийн ачааллыг ихэсгэж байна. Тус улс өндөр настнаа асрах сайтар боловсруулсан үндэсний хөтөлбөртэй болох шаардлага бүр ч их болж буйг шинжээчид тэмдэглэжээ.
Албан ёсны мэдээгээр Хятадын хөдөлмөрийн чадвартай (15-64 нас) нэг тэрбум иргэн байна. 2030 он гэхэд тэдний тоо 958, 2050 онд 827 сая болж буурахаар байгааг Гэр бүл төлөвлөлтийн холбоо нь таамаглажээ.