Испанийн Каталоныг тусгаар тогтнуулахыг тус мужийн Парламент зарласны дараа улс орныхоо нэгдмэл байдлыг дэмждэг хэдэн зуун мянган хүн Барселона хотод жагслаа. Өөртөө засах эрхтэй мужийн төвд болсон жагсаалд тус улсын эрх баригчдын мэдээлснээр нэг сая орчим хүн оролцон, Төрийн далбаагаа намируулж, Төрийн дууллаа дуулжээ. “Каталон бол Испанийн нэг хэсэг гэдгийг харуулахын тулд энд ирлээ. Испанийн төв Засгийн газар Каталон мужийн өөртөө засах эрхийг аргагүйн улмаас түдгэлзүүлсэн. Каталоны байдлыг тогтвортой болгохын тулд үүнээс өөр сонголт байгаагүй” гэж нэг жагсагч ярьжээ.
Испанийн зүүн хойд нутгийн хамгийн чинээлэг мужуудын нэг болох Каталоны Парламент өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тусгаар тогтнолоо дангаар тунхаглан зарласан юм. Үүний дараа тус улсын Засгийн газар Каталоны салан тусгаарлах үзэлт удирдагч Карлес Пучдемоныг огцруулж, мужийн Парламентыг тарааж, өөртөө засах эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Испанийн Засгийн газар болон Каталон хоорондын зөрчилдөөн нь тус мужийн эдийн засагт ихээхэн хохирол учруулж болзошгүй хэмээн каталончууд санаа зовж байна. Өнгөрсөн амралтын өдөр явуулсан санал асуулгад оролцсон 1000 гаруй хүний 42.5 хувь нь Каталоныг Испаниас тусгаар тогтнохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол 43.4 хувь нь эсрэг байр суурьтай байв.
Каталоны Засгийн газрын тэргүүний албан тушаалаас нь огцруулсан К.Пучдемон орогнох хүсэлт гаргавал хүлээж авахгүй гэдгээ Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишель мэдэгдсэнийг RTBF телевиз нь мэдээлжээ. Үүний өмнө тус улсын Цагаачлалын бодлого, орогнох эрх олгох асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Тео Франкен мэдэгдэл хийхдээ К.Пучдемонд улс төрийн орогнох эрх олгохыг үгүйсгээгүй бөгөөд ингэсэн тохиолдолд түүнийг шилжүүлэн авахад Испанид хүндрэлтэй болох тухай хэлсэн юм.
К.Пучдемон тийм хүсэлт гаргавал хүлээж авахгүй гээд, Тео Франкеныг “гал дээр тос нэмэхгүй байхыг” Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишель уриалжээ.