Сомалид 358 хүний аминд хүрсэн халдлага болсноос хойш яг 14 хоногийн дараа нийслэл Могадишод 25 хүн амь үрэгдэв. Энэ удаа босогчид хоёр дэлбэрэлт үйлдэж, аюулгүй байдлын асуудлаар бага хурал хийхээр Засгийн газрын гишүүд цугласан зочид буудлыг эзэлсэн байна.
Тэсрэх бөмбөг суурилуулсан эхний авто машин Сомалийн нийслэлийн төвд орших Ерөнхийлөгчийн ордноос 600 метрийн зайтай орших зочид буудлын дэргэд дэлбэрчээ. Үүний дараа зэвсэглэсэн босогчид тус буудал руу дайран орсон тухай цагдаагийнхан мэдээлснийг “Reuters” уламжлав. Эхний халдлагаас хэдхэн минутын дараа Парламентын хуучин барилгын дэргэд бас нэг автомашин дэлбэрсэн гэнэ. Ингээд уг хоёр халдлагын улмаас цагдаагийнхан голдуу 17 хүний амь эрсэджээ. Мөн зочид буудалд босогчид гал нээсэнд өөр хэд хэдэн хүн, тэдний дотор эмэгтэйчүүд, хүүхэд болон тус улсын Парламентын гишүүн асан өртсөн байна. Халдлагын хариуцлагыг “Аль-Каида”-тай холбоотой “Аш-Шабаб” бүлэглэл хүлээжээ.
Зочид буудалд цугласан аюулаас хамгаалах албадын ажилтнууд, улстөрчид Засгийн газрын гишүүдийн хамт “Аш-Шабаб” бүлэглэлтэй тэмцэх нэгдсэн стратегиа батлах ёстой байсан гэнэ. Босогчдын эзэлсэн зочид буудалд 20 гаруй хүн үлджээ. Цагдаагийнхан 30 хүнийг буудлаас гаргаж чадсан байна. Улс орондоо энх тайван байдал тогтоох гэсэн эрх баригчдын хүчин чармайлтыг дэмжиж буй хүмүүсийн дунд айдас түгшүүр төрүүлэх зорилгоор босогчид халдлага үйлдлээ хэмээн Сомалийн Ерөнхийлөгч Мохамед Аб дуллахи Мохамед мэдэгджээ.