Карлес Пучдемоныг албан тушаалаас нь огцруулсны дараа түүний гүйцэтгэж байсан Каталоны тэргүүний бүрэн эрхийг Испанийн Шадар сайд бөгөөд Бүс нутгийн сайд Сорайя Саенс де Сантамарияд шилжүүлэх шийдвэрийг Ерөнхий сайд Мариано Рахой гаргажээ. Засгийн газрынх нь албан ёсны баримт бичигт дурдсанаар Каталоны өөртөө засах эрхийг хязгаарлах тухай Үндсэн хуулийн 155 дугаар заалтыг мөрдлөг болгон Испанийн Ерөнхий сайд тус бүс нутгийн тэргүүний гүйцэтгэх үүргийг өөртөө шилжүүлэн авсан аж. Түүгээр зогсохгүй уг баримт бичигт дурдсанаар М.Рахой Каталоны тэргүүний үүргийг Шадар сайддаа шилжүүлснээр тус бүс нутгийн яамдыг Испанийн зохих сайд нар удирдахаар болжээ.
Каталоны Парламент тусгаар тогтносон бүгд найрамдах улсаа зарлан тунхаглах тухай тогтоолоо энэ сарын 27-нд баталсан юм. Үүний хариуд Испанийн Сенат урьд нь ашиглаж байгаагүй тус улсын Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх тухай Мадридын хүсэлтийг хүлээн авсан билээ. К.Пучдемон, түүний Засгийн газрын гишүүдийг албан тушаалаас нь огцруулахаар шийдвэрлэснээ Мариано Рахой мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Каталоны Парламентыг тараав. Тус өөртөө засах эрхтэй мужийн сонгуулийг арванхоёрдугаар сарын 21-нд товлосон байна.