- Тоть ам нээх хүртэл алуурчин чөлөөтэй явж байв -
Агуу мөрдөгчдийн үе өнгөрчээ. Америкийн Сэнд-Лейк хотхонд болсон хүн амины хэрэг Пуарогийн анхаарлыг их татлаа. Сэжигтнүүд, оньсого мэт тааврууд, зөгнөх аргагүй аюул, гэнэтийн гэрч буюу алуурчныг өөрийн нүдээр харсан тоть гээд бүх л зүйл ил.
ХҮН АМИНЫ ХЭРЭГ
Эхлээд хөршийг сэжиглэв. Гленна болон Мартин Дурэм нарын хөрш нь тэднийг хоёр хоног харагдаагүйг анзаарчээ. Тэгээд хаалгыг нь хоёр ч удаа тогшсон боловч хариу байсангүй. Харин гурав дахиа очиход нь хаалга гэнэт онгойв. Зочны өрөөг түйвээж, эд зүйлсийг шалаар нэг цацаж, гэрлийг санжуулаад, буйдан цусанд будагдсан, хажууд нь сумны хонгио хэвтэнэ. Гэрийн эзэд унтлагын өрөөндөө байлаа. Мартин Дурэм орныхоо зүүн талд цусанд хутгалдан хэвтэж байв. Алуурчин буугаа тулгаж байгаад хэд хэд буудсаныг цагдаагийнхан дараа нь тогтоолоо. Гурван сум цээжинд, хоёр нь нуруу, гаранд тусчээ. Хажууд нь эхнэр нь толгойдоо буудуулсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байв.
Хөрш эмэгтэй гадагш гүйн гарч, ойрхон ажиллаж байсан гал сөнөөгчдөөс тусламж хүсэхэд тэд цагдаа дууджээ. Хэн нэг нь хохирогчдын судасны цохилтыг шалгах хүртэл хэргийн газрын үзлэг бараг цаг үргэлжилсэн байлаа. Нэг цагдаа эмэгтэйд хүрэхэд тэрбээр нүдээ нээгээд, юу болоод байгааг лавлав. Түргэн тусламжийн машинд тэрбээр эмч нарыг түлхэж, “Яагаад чи ингэв, Марти!” хэмээн хашхирчээ.
ХОХИРОГЧИД
Гленна, Мартин хоёр гэр бүл болоод олон жил өнгөрчээ. Хоёулангийнх нь хувьд анхны гэрлэлт биш байсан бөгөөд тэд насанд хүрсэн хүүхдүүдтэй байв. Бие биенээ түлхдэг ч тэд хэзээ ч жинхэнээсээ муудалцаж байсангүй. Гленна дандаа л хошигнож, “Нөхрөө нөгөө ертөнц рүү явахыг хүлээж тэсэхгүй нь. Түүнийг цааш харуулж, бүх хөрөнгийг нь өөртөө авах хэрэгтэй” гэдэг байжээ. Нөхөр нь хариуд нь инээмсэглэн, тоглоом шоглоомоор “Чи надаас юу ч авч чадахгүй” хэмээдэг байв.
Мартин 1995 онд автомашины осолд орж, хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Өмнөх гэрлэлтүүдийнхээ тухай юу ч санахгүй байна гэдэг байв. Бүр хүүхэдтэйгээ ч мартжээ. Хэдий өвчтэй ч дуртайгаас ан хийдэг нь л үлдэж. Буугаа авч ой руу явах болгондоо олзтой эргэж ирдэг гэнэ. Сүүлийн үед Мартины бие эрс муудаж, арай гэж явж, тэтгэмжийн мөнгө болох 1100 доллароо авдаг болжээ. Гленна түүнийг асарч, үүнийхээ төлөө улсаас сар бүр 3153 доллар авдаг байв. Энэ бүхэн тэдний цорын ганц орлого болсон аж.
Гленна мөрийтэй тоглоом сонирхдог. Долоо хоногт 1-2 удаа ихэнхдээ нөхрийн хамт казинод тоглоно. Тэрбээр 2010 онд тоглоомын автомат машинаас бараг 75 мянган доллар хожжээ. Тэрчлэн долоо хоног бүр тэрбээр сугалаатай тасалбар авахад хэдэн зуун доллар зориулж байлаа. Үнэтэй хообийгоо орхихгүйн тулд тэд бүхнээ хэмнэж, гэрэлгүй сууж, хүйтний улиралд ч паараа халаадаггүй байсан гэнэ.
ӨР
Дурэмийн гэрт тэр өдөр юу болсон бэ? Цагдаагийнхан ул мөр олоогүй. Уг нь Мартин гар буугаа авахгүйгээр хаалгаа хэзээ ч нээдэггүй. Үүнээс үзэхэд уг хэргийн ард таньдаг л хүн байгаа. Амиа хорлосон байх ч аргагүй. Шархнуудаас нь харахад гаднын нөлөөтэй гэхээр байсан. Гленнаг буруутай гэдэгт Мартины хамаатнууд нь анхнаасаа л эргэлзээгүй аж. Нөхрөөсөө нууж, бүх мөнгөөрөө тоглосоор гарах гарцгүй болсон хэмээн сэжиглэж байв. Ингэж сэжиглэх үндэслэл ч бий. Тоглоод алдсан мөнгөнийхөө талаар Гленна нөхөртөө худал хэлж байсныг хадам ах нь мэддэг. Мөн хоёр жилийн өмнө зээлээ төлөөгүйн улмаас автомашиныг нь хураах гэхэд банкныхан андуурсан байна гэж өнөө л сурснаараа Гленна нөхрөө аргалаад өнгөрчээ. Хүн амины хэрэг гарахаас нэг сарын өмнө Мартин руу ээж нь утасдав. Ипотекийн зээлийн өрөнд хүүгийнх нь байшинг хураах тухай зар сонинд гарсан нь ээжийг нь түгшээсэн аж. Энэ тухай юу ч мэдээгүй байсан Мартин эхнэрээсээ лавлахад “Бүх зүйл хэвийн. Банк руу утасдаж хэлье” гээд өнгөрчээ.
Байшинг дуудлага худалдаагаар борлуулах өдөр хэрэг гарсан байна. Гленна авсан зээлээ нэг бус удаа төлөөгүйн дээр 48 мянган долларын өр тавьсан гэнэ. Үүнээс гадна тэдний гэр бүл картын 11 мянган долларын зээлээ төлөөгүй байжээ. Банкин дахь дансанд нь ердөө 300 доллар л үлдсэн байв. Энэ их нууцлаг өр үхлийн шалтгаан биш гэж үү?
ҮЗМЭРЧ
Мартины үеэл дүүгийн эхнэр Фрэн Фалан харин өөр бодолтой байв. Хэрэг гарснаас хойш долоо хоногийн дараа тэрбээр цагдаад очиж, гэмт этгээдийг олоход туслах мэдээлэлтэйгээ хэлжээ. Далдыг харах увдистай тэрбээр Гленнаг гэм буруугүй гэж үзэж буйгаа тайлбарласан байна. Тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд л нотлох баримтуудын жагсаалт үзүүлсэн гэнэ. Нэгдүгээрт, мөрдөн байцаагчдыг буйдан доорхыг анхааралтай шалга, хоёрдугаарт, Гленна, Мартин хоёр баруун гартан. Үүнийг цагдаагийнхан бодолцоорой гэсэн аж. Үнэхээр л Фрэний зөв болж, буйдан доороос гар буу олджээ. Бас шүүх эмнэлгийнхний мэдээлснээр талийгаачийн баруун гарт хэн нэгний туг үс байв. Хүн амины эл хэрэгт сэжиглэхээр баримтуудыг тэрбээр яаж мэдэв? Ийм асуулт ирнэ гэдгийг ч тааварлаж байлаа. “Надад нотолгоо бий. Тэр өдөр би охинтойгоо байсан” гэж Фрэн цагдаад хэлсэн байна. Фрэний мэдүүлэг Гленнаг хамгаалсанд талийгаачийн төрөл төрөгсөд дургүйцлээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа Фаланы гараашаас “Та нар дараагийнх нь” гэсэн бичиг олдов.
ЗАХИДАЛ
Гленнаг хүн амины хэрэгт буруутгахад нотолгоо шаардлагатай байсан учир Мартины хамаатнууд эрэлд гарчээ. Хэргийн газар эзгүйрсэн хойно охин, хүү хоёр нь тийш очиж, үзээд, цагдаагийнхны анзааралгүй орхисон зүйлийг олов. Төмөр шүүгээнд 1.5 мянга орчим доллартой хоёр дугтуй, хогийн саванд байшинг нь хураах тухай баримт бичгийн тасархай, зочны өрөөнд “Жин Виренга” (Гленнагийн ээжийн нэр) гэсэн хаягтай баримт бичгийн хавтас байжээ. Сүүлийнх нь хамгийн сонирхолтой олдвор болов. Түүн дотор захидал бүхий гурван дугтуй байлаа. “Би та нартаа сүүлийн 12 жил өчнөөн асуудал үүсгэлээ. Намайг уучлаарай. Та нар бол амьдралдаа хийсэн хамгийн сайн сайхан зүйл минь. Хайртай шүү, ээж нь” хэмээн Гленна хүүхдүүддээ бичжээ. “Уучлаарай. Би бүгдийг баллачихлаа. Хүүхдүүдээ, ач, зээ нараа урьдын адил харж хандаж байгаарай. Хайртай шүү, Гленна” гэж нөхөртөө бас бичсэн аж.
Олсон баримтын тасархай, захидлын тухай Мартины хүүхдүүд цагдаад хэлсэн хэрнээ мөнгийг нуужээ. Захидлуудыг үхэхийн өмнө бичсэн захиас болгон бичиж гэж тэд бодсон аж. Тэгээд эхлээд нөхрөө цааш харуулаад, дараа нь өөрийгөө буудан хороох гэж байж хэмээн хүүхдүүд нь тааварласан байна. Цагдаагийнхан шалгаад Гленна өөрөө бичсэн болохыг тогтоожээ.
БАЙЦААЛТ
Гленна эмнэлэгт хэвтсээр байлаа. Толгой дахь сумны шарх эдгэрэхдээ удаан аж. Хэрэг гарснаас хойш таван сарын дараа л цагдаа нар түүнийг байцаав. Мартин амиа алдсан өдрийн тухай юу ч санахгүй байгаагаа Гленна мэдэгджээ. “Би нөхөр рүүгээ буу шагайхгүй байсан. Тэрний оронд салаад явсан нь дээр биз. Түүний аминд хүрч чадахгүй, надад түүнээс өөр хэн ч байхгүй” гэж хэлсэн аж. Захидлыг тэрбээр бичээгүй гээд, хуучин нөхөртэйгөө аль эрт муудалцсан, ийм эелдэг өнгөөр харилцахгүй хэмээсэн байна. Ямар зорилгоор гар бууны тухай мэдээллийг гар утаснаасаа хайсныг цагдаагийнхан асуужээ. Тийм юм хийгээгүй л гэж Гленна хариулав. Тэрбээр утсыг тоглоход л ашигладаг гэсэн байна.
ТОТЬ
Мартины гэрт 20 жил амьдарсан Бад гэдэг нэртэй тоть гэмт хэргийн цорын ганц гэрч. Эзнээ амьсгал хураасны дараа түүний хуучин эхнэр Кристина Келлерийнд байх болжээ. Бад бүгдийг харсан, юу ч мартаагүй. Жахо үүлдрийн тоть хамгийн ухаантайд тооцогддог. 1500 гаруй үг цээжилж, давтан хэлж чаддаг. Зарим судлаач үг цээжлүүлээд зогсохгүй, хэлсэн үгээ ойлгож сургасан тохиолдол бий. Хүн амины хэргээс хойш хоёр долоо хоногийн дараа Бад ам нээжээ. Юу гээд байгаа нь ойлгогдохооргүй шулганаад, янз бүрийн дуу хоолойгоор маргаад байв. “Дуугаа тат!” хэмээн тэр хашхирав. Дараа нь ойртохыг учиргүй шаардаж байснаа эцэст нь “Буудна гэж бодохын ч хэрэггүй!” гэлээ. Келлерийн хэлснээр Бад эрэгтэй, эмэгтэй хүний хоолойгоор ярьжээ. “Хоёр хүн маргаад байгаа санагдсан. Тэр хоолойн өнгөөр хэн болохыг нь таньсан” гэж тэрбээр хэлэв. Сүүлчийн үг Мартин Дурэмийнх байсан гэж Келлер үзэж байлаа. Бад бол хүн амины хэргийг илрүүлэхэд тусалсан анхны гэрийн тэжээмэл амьтан биш гэнэ. 2008 онд нүднийх нь өмнө эзнийг нь хөнөөсөн Скуби гэдэг нохой Францын шүүхэд гэрчээр оролцжээ. Хэрэг үйлдсэн хэмээн хэний ч таамаглаагүй сэжигтнийг шүүхийн танхимд оруулж ирэхэд тэр нохой архиран дайрснаар гэмт этгээдийг илрүүлсэн байна.
ШҮҮХ
Цагдаа нарын цуглуулсан нотолгоог энэ оны долдугаар сард шүүгчид 10 хоног хэлэлцжээ. Тотийг шүүхэд дуудаагүй аж. “Тэрийг чинь яаж тангараг өргүүлэх вэ? Гарын оронд далавчаа, эсвэл хөлөө өргөх үү?” гэж прокурор хошигносон байна. Гэсэн ч энэ үл итгэсэн байдал хэргийн үнэн мөнийг тогтооход саад болоогүй. Тотины өгсөн мэдүүлгийг зурагтаар үзүүлсэн учир уг шувууг мэдэхгүй хүнгүй болжээ. Гленна Дурэм нөхрийнхөө амийг хөнөөсөн, галт зэвсэг хууль бусаар эзэмшиж байсан гэм буруугаа хүлээсэн байна. Шүүх наймдугаар сарын 28-нд шийдвэрээ гаргаж, түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Фрэн Фалан гар бууны тухай яаж мэдсэн, Мартины төрөл төрөгсдийн сүрдүүлэг, байж боломгүй зан байдлыг юугаар тайлбарлах нь өнөө болтол тодорхойгүй хэвээр буй.