ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний туслах гэгдэх Валентина Матвиенко ирэх онд БНАСАУ-д айлчилна гэж NHK мэдээллээ. ОХУ-ын Парламентын Дээд танхимын дарга тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “ОХУ БНАСАУ-тай найрсаг харилцаатай. Умард болон Өмнөд Солонгосын аль аль нь намайг урьсан. Энэ хоёр улсад ирэх онд айлчилна” гэв
В.Матвиенко нь ОХУ-ын улс төрд нэр нөлөөгөөрөө гуравдугаарт ордог хүн бөгөөд түүнийг Ерөнхийлөгч В.Путиний ойрын туслах гэдэг. Саяхан түүний урилгаар БНАСАУ-ын Ардын дээд хурлын дэд дарга Москвад болсон олон улсын бага хуралд оролцсон. Мөн энэ сарын дундуур Умард Солонгосын ГХЯ-ны АНУ-ыг хариуцсан нөлөө бүхий албан тушаалтан Орост айлчилсан байна.
Энэ бүхэн нь Пхеньяны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхэд туслахаар ОХУ-ын Парламент хүчин чармайлт гаргаж буйг илтгэж байна гэж ажиглагчид хэллээ.