АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Саудын Араб, Катар, Ирак, Афганистан, Пакистан гээд Ойрхи Дорнод, Азийн орнуудаар хийсэн айлчлалаа Энэтхэгээр өндөрлөв. Делид болсон хэлэлцээ нь стратегийн хувьд чухал бүс нутагтаа АНУ-ын явуулах бодлого эрс өөрчлөгдөхийн эхийг тавьжээ. Урьд нь Пакистаны эзэлдэг байсан, Вашингтоны гол холбоотны байр суурь одоо Энэтхэгт шилжив. Өмнөд Ази дахь АНУ-ын төвийн үүрэг батлагдсанаар Вашингтон-Дели-Кабул гэсэн шинэ гурвалжин үүсэхэд тус болох ёстой. Энэ нь Москва-Бээжин-Исламабад гэсэн гурвалжны эсрэг Америкийн стратегийг хэрэгжүүлэх юм. Рекс Тиллерсоныг айлчлахын өмнө Делид Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани очжээ. Тэрбээр талибуудыг нууцаар дэмждэг хэмээн ОХУ-ыг буруушаадаг юм.
Энэ онд багтаж АНУ-ын Төрийн департаментын тэргүүн өөрчлөгдөхөд хүргэж болзошгүй гэсэн, мөн АНУ-ын Ерөн- хийлөгч Дональд Трамптай санал зөрж, Вашингтонд хангалт- тай нөлөөгүй болсон тухай ярианы эзэн Р.Тиллерсон страте- гийн чухал бүс нутагтаа Вашингтон манлайлахыг илтгэсэн, хилийн чанадад хийсэн хамгийн үр өгөөжтэй айлчлалынхаа нэгийг хийлээ. Делид хоёр хоног айлчилж, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж, Ерөнхий сайд Нарендра Моди болон эрх баригчдын бусад төлөөлөлтэй уулзахдаа Өмнөд Азид шинэ бодит байдал үүссэнийг нотолжээ. БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, тэрчлэн Оросын стратегийн түншийн статустай Энэтхэг улс АНУ-ын гол холбоотны үүргийг гүйцэтгэж эхэллээ.
Р.Тиллерсон Пакистаны талаар урьд хийж байгаагүй хатуу мэдэгдлийг Делид айлчлахын өмнө хийсэн нь Вашингтон, Исламабадын харилцаа цаашид хурцдах шалтгаан болжээ. Уг нь НАТО-гоос гадуурх АНУ-ын гол холбоотон 16 улсын жагсаалтад Пакистан албан ёсоор багтдаг. Гэтэл талибуудыг дэмждэг хэмээн Исламабадыг Төрийн нарийн бичгийн дарга Пакистанд ирэхийнхээ өмнө буруушаасан юм. Делид хэлсэн үгэндээ Р.Тиллерсон “Бусад улсад халдлага үйлддэг хэтэрхий олон террорист байгууллагын аюулгүй орогнох газар нь Пакистан болдог” гэжээ.
Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Делид айлчлахдаа Р.Тиллерсонтой уулзсан байна. Үүний дараа тус улсын асуудлаар АНУ, Энэтхэг, Афганистан улс ойрын хугацаанд гурван талын хэлэлцээ хийнэ гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж мэдэгдлээ.
“Д.Трампын засаг захиргаа түүхэнд анх удаа Энэтхэгтэй ойр дотно болох хамгийн шийдвэртэй алхмаа хийснийг Р.Тиллерсоны айлчлал илтгэж байна. Үүний зэрэгцээ Афганистаны талаар Хятад, Пакистантай ОХУ хамтран ажиллахад бэлэн байгаа энэ үед уг асуудлыг зохицуулахад үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэх чадалтай, Ази дахь гол холбоотны үүрэг гүйцэтгэдэг пакистанчуудад цаашид найдахгүй гэсэн ойлголтыг Вашингтон анх удаа өглөө” гэж Делид төвтэй “Observer research foundation”-ы дэд ерөнхийлөгч Нандан Унникришнан тайлбарлав.