ОХУ-ын телевизийн хөтлөгч Ксения Собчак ирэх онд болох улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдлээ. Нэр дэвшүүлэх эрхээ эдлэх хүн бүрийг тэрбээр эсэргүүцэхээр ийм алхам хийж буй гэнэ. Улс төрд эзэлсэн байр суурьгүй, ОХУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх гавьяагүй болохоо К.Собчак хүлээн зөвшөөрсөн ч улсынх нь өнөөгийн удирдлагын баримталж буй бодлогыг дэмждэггүй гэдгээ илэрхийлэх боломжийг ашиглах ёстой хэмээн үзэж байна. Тэрбээр Их Британийн “Guardian” сонинд ярилцлага өгөхдөө ийн мэдэгджээ.
Уг сонинд бичсэнээр К.Собчак сонгууль шударга болдогт итгэдэггүй ч санал өгөхгүйгээр эсэргүүцсэнээс эрх баригчдын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өөр аргаар илэрхийлэх нь чухал хэмээн үзэж байна.
Гэхдээ түүнийг Кремль дэмжиж буй тухай мэдээллийг тэрбээр эрс няцаажээ.
Сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнийхээ дараахан Ксения ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа юу хийхээр төлөвлөж буйгаа хэлсэн гэнэ. “Төрийн тэргүүний сэтгэл хөдлөлийг сайн ойлгохгүй ч түүнд миний хэлсэн зүйл таалагдаагүй юм шиг санагдсан” гэж К.Собчак ярьжээ. Түүний гаргасан шийдвэрийг В.Путин шууд үнэлж дүгнээгүй ч хүн бүр шийдвэр гаргах эрхтэй, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой хэмээсэн байна. Ксения өөрийн эцэг Анатолий Собчакийн тухай кинонд зориулан ярилцлага авахаар Төрийн тэргүүнтэйгээ уулзсан аж.
Үүний сацуу сөрөг хүчний удирдагч, мөн л сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байсан Алексей Навальныйг гэм буруугүйг тогтоолгохын төлөө тэмцэхээ мэдэгджээ. Үндсэн хуульд зааснаар бол сонгуульд оролцох боломжтой, харин эрүүгийн мөрдөн байцаалт хийж байгаа нь улс төрийн учир шалтгаантай хэмээн А.Навальный үзэж буй. Хэрэв түүнийг нэр дэвшигчээр бүртгэвэл Ксения нэрээ татахад бэлэн гэжээ. Харин А.Навальный өрсөлдөх боломжгүй болбол түүний дуу хоолой нь болно гэж хэлсэн байна.
ШТАБЫГ НЬ ХЭН ТЭРГҮҮЛЭХ ВЭ
Сонгуулийн өмнөх кампанит ажлынх нь штабыг хэн тэргүүлэхийг тэрбээр хэлэхээс татгалзжээ. ВВС-гийн мэдээлснээр Ксения Собчак сонгуулийн штабыг нь тэргүүлээч гэсэн саналыг нэлээд хэдэн либерал сэтгүүлчид тавьсан ч бүгд татгалзжээ.
“КСЮХА БОЛЖ Л БАЙНА”
“Түүнд туршлага байхгүй ч хөдөлгөөнтэй, залуу хүнийг хүсдэг сонгогчдоос тодорхой хэмжээний санал авч чадна. Үүгээрээ ашигтай. Мэдээж би түүний төлөө санал өгөхгүй. Гэхдээ Ксюха (Ксения) болж л байна” гэж Төрийн Думийн депутат, “Нэгдмэл Орос” намын гишүүн Виталий Милонов хэлжээ.
“Энэ нь, тухайлбал, Ерөнхийлөгчийн засаг захиргааны хувьд сонирхолтой шийдвэр байна. Кампанит ажлынхаа хүрээнд хэд хэдэн чухал зорилтыг тэрбээр хэрэгжүүлэх боломжтой. Юуны түрүүнд тэрбээр эмэгтэй, залуу, сайхан, олон нийтэд нэр нөлөөтэй, сөрөг хүчний төлөөлөгч гэдгээс өгсүүлээд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг туршлага, ямар ч хүмүүсийн дунд болоод дэлгэцийн өмнө нь биеэ аваад явчих туршлагатай учир эрх баригчдаа дэмждэггүй хүмүүсийн саналын тодорхой хувийг авах боломжтой” хэмээн Оросын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан асан, улс төр судлаач Андрей Колядин онцолжээ.
Ксения Собчакийг сонгогчдын 0.5 хувь дэмжихэд бэлэн байна гэж “Левада төв”-ийн захирал Лев Гудков мэдээлэв. Түүний хэлснээр поп урлагийн залуус, либерал сонгогчид л Ксенияг дэмжихэд бэлэн байна. Түүнд боломж маш бага, гэхдээ энэ нь улс төрийн ажлын хувьд өөрийгөө сурталчилсан явдал л гэж ойлгогдоно.
“Нэрээ дэвшүүлэхээ мэдэгдэх нь улс төрийн баримт. Гэхдээ ингэх нь сонгуульд оролцоно гэсэн үг биш” гэж Нийгэм, эдийн засаг, улс төрийн судалгааны хүрээлэнгийн удирдагч, улс төр судлаач Дмитрий Бадовский мэдэгджээ.
“МАНАЙД БОЛОМЖГҮЙ ЮМ БАЙХГҮЙ”
ОХУ-ын дараагийн Төрийн тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдох боломжтой, эсэхийг лавлахад Ерөнхийлөгч В.Путин “Манайд боломжгүй юм байхгүй” хэмээн товчхон хариулжээ. Тэрбээр олон улсын мэтгэлцээний “Валдай” клубийн уулзалтад оролцогчдод ингэж хэмээсэн байна.
Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ирэх арванхоёрдугаар сарын 7-17-ны хооронд албан ёсоор эхлэх юм. Сонгууль нь гуравдугаар сарын 18-нд болно. Кампанит ажил эхлэхээс өмнө хэн ч албан ёсны нэр дэвшигч болохгүй.
Нэрээ дэвшүүлэх бодолтой буйгаа Оросын либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский, “Яблоко” намыг үүсгэн байгуулагч Григорий Явлинский, “Оросын коммунистууд”-ын тэргүүн Максим Сурайкин, улс төр судлаач, Нийгмийн технологийн төвийн удирдагч Андрей Богданов нар мэдэгджээ. ОХУ-ын Коммунист намын дарга Геннадий Зюганов нэрээ дэвшүүлэх, эсэхээ хараахан илэрхийлээгүй, гэхдээ намын удирдагч сонгуулийн өмнөх өрсөлдөөнд бэлэн байх ёстой гэсэн байна. В.Путин сонгуульд оролцох тухай хараахан яриагүй. Нэр дэвшихээ мэдэгдсэн цорын ганц эмэгтэй нь Ксения Собчак болов.
Ксения Анатольевна Собчак 1981 оны арваннэгдүгээр сарын 5-нд Санкт-Петербург хотод мэндэлжээ. Эцэг нь ОХУ-ын одоогийн Үндсэн хуулийг зохиогчдын нэг, Зөвлөлтийн дараах Санкт-Петербург хотын анхны дарга Анатолий Собчак. Эх нь 2002 оноос Тува улсаас сонгогдсон сенатч, Төрийн Думийн депутат асан Людмила Нарусова. Ксения физик, химиэс бусад хичээлдээ онцгой сайн, ном их уншдаг, эрх дураараа зантай, хэл ам хурц охин байжээ.
К.Собчак багаасаа ОХУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Владимир Путинтэй танил. В.Путин нь А.Собчакийн гадаад харилцаа хариуцсан зөвлөх байсан гэнэ. 1998 онд Ксения Санкт-Петербургийн улсын их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд элсэн суралцаж байгаад гурван жилийн дараа Москвагийн олон улсын харилцааны их сургууль руу шилжжээ. Жилийн дараа дипломын ажлаараа Орос, Францын Ерөнхийлөгчийн дэглэмд дүн шинжилгээ хийж, бакалавр, улс төр судлалаар 2004 онд магистрын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 16 настайдаа хулгайлагдаж, олны анхаарлыг анх татсан юм. Түүнээс хойш элдэв дуулианы эзэн болж, телевизийн олон шоунд оролцож байв.
Харин 2006 онд “Бүгд эрх чөлөөтэй!” залуучуудын хөдөлгөөн байгуулснаар улс төрийн тэмцлээ эхэлжээ. Гэвч эрхийнхээ төлөө хөгжилтэй, албадлагагүйгээр тэмцэх гэсэн зорилгодоо хүрч чадаагүй аж. Либерал үзэлтэй К.Собчак 2011 оноос иргэний байр сууриа идэвхтэй илэрхийлж, Парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаж, дараа жилийн гуравдугаар сард “Шударга сонгуулийн төлөө!” цуглаанд оролцож, тавдугаар сарын 8-нд Алексей Навальныйгийн хамт саатуулагджээ. Үүнээс хойш улсын телевизэд ажиллах боломжгүй болсон. 2012 оны зун гэрт нь нэгжлэг хийж, нэлээд хэмжээний мөнгө хураасан ч хууль зөрчиж олсон мөнгө биш байсан учир буцаан өгсөн байна.
Телевизэд ажиллаж, хуримтлуулсан туршлага нь түүнд олны өмнө улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхэд тус болж, “Ксения Собчактай Төрийн департамент”, “Путин биднийг хааш нь хөтөлнө вэ?”, “Собчак амьдарч байна” зэрэг нэвтрүүлгээ хөтлөн, мэдээллийн салбарын олон алдартан, улс төрийн зүтгэлтнүүд оролцож, улс, нийгмийн хөндүүр асуудлуудыг хэлэлцсээр буй.
2014 оноос рестораны бизнесээр дагнасан “Бессер” компанийг хамтран эзэмшигч болжээ. Энэ жил “Forbes” сэтгүүлээс гаргасан ОХУ-ын алдартнуудын жагсаалтад Ксения Собчак 2.1 сая ам.долларын орлоготойгоор аравт жагссан байна. Түүний орлогын эх үүсвэр нь ЦУМ, “JPoint” (үнэт гоёл чимэглэл), “Терехов” (хувцас), “Prelox” (эм бэлдмэл), “Dior makeup” компанитай байгуулсан хамтын ажиллагаа, сурталчилгааны гэрээ байдаг. Собчак нийгмийн сүлжээн дэх өөрийн аккаунтууддаа пост байрлуулах замаар зар сурталчилгааныхантай хамтран ажилладаг гэнэ. “Forbes”-ын мэдээлснээр сурталчилгааны нэг пост 7-10 мянган евро байдаг. Тэрбээр Оросоор аялан тоглодог. Гэрэл зураг нь “Плейбой”, “Максим”, “Татлер” сэтгүүлд нийтлэгдэж байсан. Мөн арваад кинонд оролцон тоглож, гурван ном хэвлүүлсэн аж.
2013 онд жүжигчин, телевизийн найруулагч Максим Виторгантай гэрлэж, өнгөрсөн онд хүүтэй болжээ.