БНХАУ-ын Коммунист намын их хурлын төлөөлөгчдийн дөрөвний гурвыг нь эрчүүд эзэлж байна
Эмэгтэйчүүд тэнгэрийн талыг тогтоон барьдаг гэж Мао Зэдун хэлсэн байна. Хятадын эмэгтэйчүүд өнөө болтол төрдөө тийм байр суурь эзэлж чадаагүй байна. Коммунист намынх нь их хурлын танхимын дөрөвний гурвыг эрчүүд эзэлсэн бол Улс төрийн товчооны 25 суудлын ердөө хоёр хувь нь л эмэгтэйчүүдэд ногдож буй тухай ВВС мэдээллээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн долоо хоногт Коммунист намынхаа XIX их хурлыг нээхэд Өрнөдийн хэвлэлийнхэн тус улсын эрх баригчид бараг бүгд эрэгтэйчүүд болохыг анзаарчээ. Эрх баригч нам нь 90 орчим сая гишүүнтэй байхад Парламентынх нь 25 орчим хувийг л эмэгтэйчүүд эзэлж буй. Өндөр албан тушаал руу ойртох тусам уг үзүүлэлт улам буурчээ. Өмнөх их хурлын дараа Төв хороонд ердөө 33 (есөн хувь), Улс төрийн товчоонд хоёр (найман хувь) эмэгтэй байсан аж.
Ийм тэгш бус байдал зөвхөн Хятадын асуудал уу? Бусад оронтой харьцуулахад тус улс ганцаараа “торойсонгүй”.
Хаа сайгүй л байдал сайнгүй аж. Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь ардчиллын хувьд тэргүүлж буй, эсвэл нэг намын тогтолцоотой аль ч улсад, Өрнөд, бас Дорнодод ч ялгаагүй тэгш бус байна.
Хүйсийн тэгш эрхийг хангах тухай эрх баригчид нь мэдэгддэг, их сургуульд эмэгтэйчүүд эрчүүдээс олноор элсдэг хэдий ч Хятадын бүсгүйчүүдэд албан тушаалын “шилэн дээвэр”-ийг нэвтлэх хэцүү юм.
ЮУ СААД БОЛЖ БАЙНА ВЭ
Эмэгтэйчүүд оюутан байх, эсвэл ажиллах хугацаандаа албан тушаал ахина хэмээн намд элсдэг ч хот, эсвэл мужаас дээш түвшний байр суурьт хүрэхэд хэцүү. “Эмэгтэйчүүд гэрт, гал зуухны дэргэд байх ёстой гэсэн олон зуун дамнасан төсөөлөл нь тэднийг амбийцтай байх ёсгүй гэсэн үг болдог. Тэд нийгэмд нөхөр, хүүхэд, ач зээдээ санаа тавих л үүрэгтэй байдаг” гэж Канадын Торонтогийн их сургуулийн улс төр судлаач, профессор Линетт Хонг тайлбарлажээ.
Дунд түвшний удирдагчдын дунд эмэгтэйчүүд хангалттай байдаг ч дээд түвшинд байдал өөр. “Өндөр албан тушаалд томилох эрхтэй, сайн харилцаатай байх хэрэгтэй гэдэг хүмүүс нь голдуу эрчүүд байдаг” гэж Австрийн Вена хот дахь Хүмүүнлэгийн ухааны хүрээлэнд урилгаар ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан Линг Ли тэмдэглэсэн байна.
Бас нэг саад бол төрийн алба, улсын үйлдвэрийн газарт ажилладаг эрчүүд 60, эмэгтэйчүүд 55 настайдаа тэтгэвэрт гардаг явдал. Бусад салбарын эмэгтэйчүүд 50 настайдаа тэтгэвэрт гардаг гэнэ.
Руандагийн Парламентын гишүүдийн олонх нь эмэгтэйчүүд
ИХ БОДЛОГЫН ЗАЛУУРЫН АРД
Бусад улсын байдал дээшилж байгаа ч тэгш эрх хангагдах болоогүй л байна. Их Британийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын өнөөгийн бүрэлдэхүүн дэх эмэгтэйчүүдийн тоо тус улсын түүхэн дээд амжилтыг тогтоосон хэдий ч нийт суудлын ердөө гуравны нэгийг л эзэлжээ. Энэтхэг, Японд ч мөн адил 10 гишүүний нэг нь л эмэгтэй. ОХУ-д уг үзүүлэлт 16 хувьтай.
Харин Руанда, коммунист Кубын Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь өндөр аж. Нэг намтай Вьетнам, Кубад гишүүдийн гуравны нэг хүрэхгүй хувийг эмэгтэйчүүдэд олгосонтой адил үзүүлэлт олон намтай ардчилсан улсад бүртгэгджээ. Германы Канцлер Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоо намын гишүүдийн 26, Их Британийн Консерватив намын 30 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.
Монгол Улсын Парламентын 76 гишүүний 17.1 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.