Зүүн гар талаас БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
ОХУ-ын Парламентын дээд танхимын дарга Валетина Матвиенко тус улсын Санкт-Петербург хотод болсон олон улсын чуулга уулзалтад оролцсон Умард болон Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг хүлээн авч, уулзлаа. Шууд яриа хэлэлцээ хийхийг тэдэнд В.Матвиенко уриалсан боловч АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалтыг БНАСАУ эсэргүүцэж байгаа учир түүний санал дэмжигдсэнгүй.
Умард Солонгосын Ардын дээд хурлын дэд дарга В.Матвиенкотой хэлэлцээний үеэр цөмийн зэвсэгтэй байх нь аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах цорын ганц арга болохыг онцлон тэмдэглээд, НҮБ-д АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үгийн хариуд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны хийсэн мэдэгдлийг дамжуулан өгчээ.
БНСУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалт 30 орчим минут, Умардынхтай бүтэн цаг хагас үргэлжилсэн байна. Тэдгээр уулзалтын дараа В.Матвиенко мэдэгдэхдээ БНАСАУ-ын асуудлаарх зургаан талын хэлэлцээг сэргээх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.
Одоо Москвад цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх талаар олон улсын бага хурал болж байна. Үүнд БНАСАУ-ын ГХЯ-ны Америктай харилцах хэлтсийн дарга Чо Сон Ху, тэрчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч асан Венди Шермэн нар оролцож буй.
БНАСАУ-тай харилцаагаа бэхжүүлэх үүднээс энэ сарын эхээр Оросын парламентын төлөөлөгчид Пхеньянд айлчилжээ.
Умард Солонгост үзүүлдэг дарамт шахалтаа хүчтэй болгосоор буй АНУ-ыг ОХУ-ын эрх баригчид яриа хэлэлцээ хийхийг ятгаж буй билээ. Умард Солонгост авсан хориг арга хэмжээг чангатгах тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өнгөрсөн сард гаргасан тогтоолыг батлах хүртэл Москва, Бээжин хоёр эсэргүүцсэн. Тийнхүү тэд АНУ-ын байр суурийг зөөлрүүлэхийг оролдсон юм.
Дээрх үйлдлүүдээр ОХУ Умард Солонгосын асуудлыг АНУ-тай хийх хэлэлцээнийхээ гол хөзөр болгон ашиглах гэж буйг харж болох аж. Украинд түрэмгийлэн халдсан хэмээн Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээнд орсон ОХУ-ыг 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн сэжиглэж буй нь Орос, Америкийн харилцаа хөндийрөхөд хүргэсэн билээ.
БНАСАУ дахь нөлөөгөө Кремль АНУ-тай харилцаагаа сэргээхэд ашиглах гэж байна хэмээн олон улсын зарим шинжээч таамаглаж буй тухай Японы “Нихон кэйзай” сонинд бичжээ.