Австрийн Парламентын доод танхимын хугацаанаасаа өмнө болсон сонгуульд консерватив буюу хуучинсаг үзэлт Ардын нам яллаа. Ингэснээр тус намын дарга, 31 настай Себастьян Курц тус улсын төдийгүй дэлхийн хамгийн залуу удирдагч болох нь. ВВС-гийн мэдээлснээр Ардын нам хамгийн өндөр буюу 31.7 хувийн санал авсан бол Эрх чөлөөний нам 26 хувийн саналаар удаалжээ.
С.Курц сонгуульд ялсан нь тодорхой болсны дараа намынхныхаа өмнө хийсэн мэдэгдэлдээ “Би хариуцлага хүлээнэ. Бид тавьсан зорилгоо биелүүлж, боломжгүй зүйлийг боломжтой болголоо. Австри улсдаа өөрчлөлт хийж, сонгогчдынхоо итгэлийг алдахгүйн төлөө хичээн ажиллана” гэжээ.