Иракийн Засгийн газрын хүчин Киркук мужийн тогтвортой байдлыг сэргээх ажиллагааны үеэр тэндхийн хийн орд газар болон цахилгаан станцыг хяналтдаа авчээ. “Исламын улс” бүлэглэл 2014 онд Киркукээс курдийн отрядуудыг хөөн гаргасан юм. Харин одоо тус муж курдүүдийн хяналтад байдаг, гэхдээ Иракийн Курдистаны бүрэлдэхүүнд багтдаггүй аж.
“Sky news Arabia” телевизийн мэдээлснээр цэргийнхэн цагдаагийн хэсгүүдийн нэгийг мөн хяналтдаа авч, тус муж руу орсон хэд хэдэн замыг хаасан байна. Үүний өмнө тус улсын Ерөнхий сайд бөгөөд Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч Хейдар аль-Абади Засгийн газрын хүчиндээ курдийн цэрэгжсэн отрядууд болон нутгийн иргэдтэй хамтран Киркук мужийн аюулгүй, тогтвортой байдлыг сэргээх үүрэг өгсөн нь ийм амжилтад хүрчээ.
Иракийн арми эсэргүүцэлтэй тулгараагүй гэж тус улсын телевиз мэдээлсэн бол Курдистаны Аюулгүй байдлын зөвлөлийн ярьснаар курдийн хүчнийхэн Засгийн газрын цэргийн таван автомашиныг устгасан гэнэ. Тийм автомашиныг АНУ-аас Иракийн армид нийлүүлдэг аж. Тэрчлэн курдийн төлөөлөгчдийн нотолсноор Иракийн арми давшилтдаа “Абрамс” танкууд ашигласан байна.
Маргаантай газар нутгаа Иракийн Засгийн газартай хамтран удирдахыг Багдад курдүүдийн удирдлагад санал болгож, Курдистаныг тусгаар тогтнуулах, эсэх тухай санал хураалтын дүнг хүчингүйд тооцохыг санал болгожээ.
Өнгөрсөн ням гаригт Иракийн Ерөнхийлөгч Фуад Масум Курдистаны удирдагч Масуд Барзанитай уулзаж, тус бүс нутгийн байдлыг хэлэлцсэн байна. Багдадтай яриа хэлэлцээ хийхийг дэмжиж буй ч, зэвсэглэн халдсан тохиолдолд курдүүд газар нутгаа хамгаалан босоход бэлэн гэж уулзалтын үеэр М.Барзани мэдэгдэв.
Иракийн хойд нутагт байлдааны ажиллагаа болсон, Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийн талаар АНУ-ын гаргасан шийдвэрийн тухай мэдээлсэн нь нефтийн үнийг өсөхөд хүргэжээ. Ирэх арванхоёрдугаар сард нийлүүлэх “Brent” маркийн нефтийн үнэ Лондоны металлын биржид баррель нь 57.79 ам.долларт хүрсэн байна.
Өнгөрсөн сарын сүүлчээр Багдад эсэргүүцэж, олон улсын хамтын нийгэмлэг шүүмжилсэн ч курдүүд тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулсан билээ. Түүнд оролцогчдын 90 гаруй хувь нь тусгаар улс болох хүсэлтээ илэрхийлсэн. Уг санал хураалт Киркук мужид ч болсон юм.
Бүх нийтийн санал хураалт явуулсныг Иракийн Засгийн газар болон хөрш орнууд эрс зэмлэн, буруушаасан билээ. Багдад нь санал хураалтын дүнг цуцлахыг шаардсаар байна.
АНУ, Их Британи болон терроризмтой тэмцэх олон улсын эвсэл санал хураалт явуулахыг хоёр жилээр хойшлуулахыг хүсэж байсан юм.