Дархан уул аймгийн иргэн, "Сөгнөгөр хайрхан" ХХК-ийн захирал Т.Энхболд ялалтын талбайд хонгор азарга, дөнгөтэй, хагас нүцгэн суулт хийхэд хүрчээ. Тодруулбал “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээр барилгын ажлаа 30 хувьтай эхлүүлээд байсан ч Засгийн газрын батлан даалт байхгүйгээс болоод барилга царцадмал байдалд хүрээд байгаа гэнэ. Тэрбээр өөрийн эзэмшлийн 3400 метр/квадрат газар дээр урьдчилгаа төлбөр болгож нэг ахмадаас 3-4 сая төгрөг, нийт 85 хүнээс 360 гаруй сая төгрөг авч, уг санхүүжилтийг барилгын 30 хувийн гүйцэтгэлд зарцуулжээ. Засгийн газраас батлан даалт гаргуулахын тулд сүүлийн гурван жилд очоогүй яам, тамгын газар, уулзаагүй сайд, дарга байхгүй гэнэ. Барилгын ажил эхэлж байх үед нутгийн түшээ Д.Хаянхярваа “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл рүү чиглэсэн сайхан ажил байна. Эцсийг нь үзтэл дэмжинэ, хамтарна” хэмээн иргэдийн өмнө амалж байжээ. Гэтэл барилга царцаж, ажил удааширч эхлэнгүүт гишүүд өөрсдөөсөө холдуулж, зугтааж эхэлсэн гэнэ. Тохилог сууцанд захиалга өгсөн 400 орчим ахмадаас зургаан ахмад дулаахан байрандаа орж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Тэрбээр "Би Дархан уул аймагт 2016 онд энэ асуудлаар суулт зарлаж байхдаа "Ахмад өндөр настнаа хайрлая" дуу зохиож, өөрөө дуулсан. Энэ дуу удахгүй клиптэй болж цацагдана. Настангуудаа орох орон байртай болгох гэсэн сайн санааны үүднээс эхлүүлсэн ажил юмсан. Уг нь Бүгд найрамдах Унгар улсын “Экзим” банкинд хандахад 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн хариу авч, урьдчилсан байдлаар гэрээ байгуулсан. Мөн Худалдаа хөгжлийн банк баталгаа гаргаж өгөхөө мэдэгдсэн. Эдүгээ аль аль нь зөвхөн Засгийн газрын батлан даалт шаардаж байна. Засгийн газрын худлаа амлалтаас болоод яаж ч чадахгүй гацаж ядахдаа арга барагдаад суултын эдгээр хэлбэрт шилжлээ" гэв.
Өглөөний 9-12 цаг хүртэл хүзүүндээ дөнгөтэй суулт
11.40-12.00 цаг хүртэл богино өмдтэй хагас нүцгэн суулт
13.00-17.00 цаг хүртэл Хонгор азарга буюу дөрвөн мөчөө дөнгөлөх