-Хүн төрөлхтнийг өөрчлөх хамгийн үр нөлөөтэй зэвсэг нь өлсгөх гэнэ-
Манай гаригийн амьтай бүхэн амьдрахын тулд хооллох ёстой. Энэ жам ёсноос гадуур байх, онцгой нэгэн бол хүн биш. Хоол хүнс бүх л амьдралынх нь хэрэгцээ. Чухам энэ л геополитикийн болоод нийгмийн янз бүрийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор хүнд нөлөөлөх хамгийн үр нөлөөтэй хэрэгсэл аж. Зохион байгуулалттайгаар өлсгөх аргаар улс төр, цэргийн зорилтууд бэхжин, улс орныг эзэлж, бүхэл бүтэн соёл иргэншлийг устгажээ.
Хүмүүсийг төөрөгдүүлэх энэ хэрэгсэл цаг хугацаа улиран өнгөрсөн ч үгүй болоогүй, харин ч эсрэгээр улам боловсронгуй, нарийн, үр нөлөөтэй болж байна. Урьд нь ийм аргыг ил тод ашигладаг, өлсгөлөнг зөвшөөрөгдсөн “зэвсэг” болгодог байсан бол технологийн дэвшил дэлхийд хүнсний хомсдол бий болгохгүй хэмээн хүмүүст ухуулдаг өнөөгийн нөхцөлд санаатайгаар өлсгөх аргыг элдвээр нуун, далдлахыг оролдож байна гэж ОХУ-ын судлаач Александр Никишин бичжээ.
Өдгөө манай гаригийн хүнсний аюулгүй байдлын тухай мэдээлэл бүрийг хэтрүүлэгтэй өгөх болж. Янз бүрийн орны иргэд өлсөж байгаа тухай тусдаа мэдээлэл хэвлэлүүдэд гарч байна. Тэдгээр нь улсынхаа ерөнхий байдлыг талаар мэдээлэх чадамжгүй төдийгүй хүнсний талаарх төөрөгдлийн зорилго, арга замыг далдалдаг гэнэ. Хамгийн даяаршсан байгууллага болон НҮБ энэ сэдвээр тайлан гаргадаг ч тэдгээр нь өлсгөлөнд нэрвэгдсэн орнуудын ерөнхий дүр зургийг харуулдаггүй төдийгүй уг баримт бичгийг ямар зорилготой гаргасан нь нууц байдаг.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын онц байдал хариуцсан салбарын захирал Доминик Биргон энэ оны гуравдугаар сард зарласнаар дэлхий даяар 100 сая гаруй хүнд өлсөж үхэх аюул нүүрлэжээ. Харин ийм эрсдэлд орж болзошгүй хүний тоо нэмэгдэх гэнэ. НҮБ-ын тайланд дурдсан сүүлийн тоо баримтаас үзвэл өнгөрсөн онд 102 сая хүн өлөн зэлмүүн байсан нь 2015 оны үзүүлэлтээс бараг 30 хувиар буюу 80 сая хүнээр илүү байв.
Үүнийг зэвсэгт мөргөлдөөн, ган гачигт нэрвэгдсэний улмаас хүнсний үйлдвэрлэлийн хэмжээ нь буурсан Йемен, Өмнөд Судан, Нигери, Сомали улсад хүмүүнлэгийн хямрал гүнзгийрснээр тайлбарлажээ. Урьд нь НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (ДХХ)-ийн төлөөлөгчдийн мэдээлснээр дөрвөн бүс нутгийн 20 сая гаруй хүн зургаан сарын хугацаанд өлбөрч үхэхээр байв.
Йемен, Нигери, Өмнөд Суданы дайн хүн амыг нь үгүйрэн хоосроход хүргэсэн бол Зүүн Африкийн ган гачиг хөдөө аж ахуйд суурилсан эдийн засгийг нь сүйтгэж, олон сая хүнийг үгээгүй ядуу болгожээ. Иргэний дайн, эдийн засгийн хямрал удаан үргэлжилсэн, Өмнөд Суданы хоёр тойрогт л албан ёсоор өлсгөлөн нүүрлэсэн. Нигерийн зүүн хойд нутагт долоон жил бослого, тэмцэл өрнүүлж буй “Боко харам”-ын босогчид 1.8 сая орчим хүнийг дүрвэгч болгож, орон нутгаа орхиход хүргэжээ.
Манай гариг 1945 оноос хойш хүмүүнлэгийн томоохон хямралд өртсөн тухай НҮБ-ын ДХХ-ийн тайланд тэмдэглэсэн байна. 1984 онд Этиопт хүн амынх нь гуравны нэг гаруй хувь нь амьсгал хурааж, бүх мал нь хорогдож, ард иргэд нь бохир усанд хутгасан шороо идэхэд хүрч үгүйрснээс ч өнөөгийн нөхцөл байдал аймшигтай. Одоо тус бүс нутагт бага насны 800 гаруй хүүхэд өлбөрч үхэхдээ тулжээ.
Идэх хоолгүйн улмаас өдөр бүр 10 мянган хүүхдийн хоёр нь хорвоог орхиж байна. Хамгийн хүнд байдал Йеменд бий болсон. Дээрх тайлангаас үзвэл тэнд 17 сая гаруй хүн өлсөж үхэхээр байгаа нь уг үзүүлэлт есөн сар тутам 20 хувиар өсөж байгааг харуулав.
Эдгээр улсад хүмүүсийг өлсгөж устгахыг бусад аргатай хамт хэрэгжүүлж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн тавьсан илтгэлээс үзвэл Саудын Араб тэргүүтэй олон улсын эвсэл Йеменд агаарын цохилт өгсний улмаас өнгөрсөн онд 502 хүүхэд амь насаа алдаж, 838 нь шархаджээ. Дэлхий даяар амиа алдсан хүүхдийн тоо 15 500-д хүрсэн байна.
“Global research” цахим хуудсанд мэдээлснээр АНУ, Саудын Араб хоёр Йемений эсрэг хими, бактериологийн дайн явуулж байгаа нь холер буюу булчин задрах тахал гамшгийн хэмжээнд хүртэл тархахад хүргэжээ. “Middle east eye” цахим сонинд мэдээлснээс үзвэл өлбөрч үхэхийн ирмэгт байгаа 200 мянган хүүхэд уг өвчний халдвар авсан байна. Холер тархсан нутагт өлөн зэлмүүн нэг сая гаруй хүүхэд аж төрж буй.
Өлөн зэлмүүн байдал нь дэлхийн бусад хэсэгт буюу Ази, Өмнөд Америк, Африк, Алс Дорнодод ч нүүрлээд байна. Хаа сайгүй мөргөлдөөн үүсэж, араас нь өлсгөлөн залгажээ. Ерөнхий дүр зураг нь ийм төлөвлөгөө, чиглэл зорилготой болохыг харуулдаг. Хэнд, юуны тулд зохиомлоор өлөн зэлмүүн байдал үүсгэх хэрэгтэй байна вэ?
Оросоос бусад бүх улсад үр тарианы ургац эрс багасаж, АНУ, Канадад уг үзүүлэлт жилийн 38 хувьтай байгаа нь дэлхийн хамгийн их хомсдол үүсгэж буй. АНУ-ын ургац 108 жилийнхээ хамгийн доод түвшинд хүрчээ. Канад, Европт ч мөн адил.
Испанийн “El Pais” сонинд өнгөрсөн наймдугаар сарын эхээр Их Британийн “Chatham house” судалгааны төвийн тайлан нийтлэгджээ. Үүнд хүнсний аюулгүй байдал нь хөндөгдсөн газар зүйн 14 цэг болон дэд бүтцийн объектуудыг харуулсан байна. Хар тэнгис орчмын төмөр зам, боомтууд, Босфор, Дарданелл, Гибралтар, Аден, Ормуз, Малакк болон бусад хоолой, Суэц, Панамын суваг дэлхийн бусад хэсэгт хүнсний хомсдол нүүрлэж болохыг уг тайланд харуулсан аж.
Зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдааны улмаас лонхны нарийн хоолой шиг эдгээр газрыг хаах эрсдэл бийг тайлан гаргасан хүмүүс онцолжээ. Транзит тээврийг хязгаарлах, эсвэл экспортод хаалт саад үүсгэсэн улс төрийн шийдвэр ч гарч болзошгүй байгаа гэнэ.
Анхааралтай харвал дээрх 14 цэгт бараг бүгдэд нь зэвсэгт мөргөлдөөн болж, эсвэл гарах гэж байна. Тэдгээрт АНУ, түүний холбоотнуудын Зэвсэгт хүчин бий. Тиймээс тэдний байгаа газар ямар нэг хориг арга хэмжээ авах болон транзит тээврийг хязгаарлах боломжгүй байдаг. Дэлхийн оршин суугчид бид эх газрын болон далай тэнгисийн гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Эх газрын орнууд үнэт зүйл бүтээдэг бол далай тэнгисийнхэн нь гол замуудаа хянах замаар дээрэм хийж байна.
АНУ, Их Британи, Израиль мэтийн Барууны эвслийн далайн орнуудын хувьд “эмзэг” бүх гол замыг зэрэг хааж, дэлхийн олон хэсэгт хүнсний хомсдол, өлсгөлөнг маш түргэн нүүрлүүлж чадах юм.
Энэ зангилаануудын орчимд хормын дотор эмх замбараагүй байдал үүсгэж чадах АНУ-ын флотын нисэх хүчний гол анги нэгтгэлүүд оршдог. Барууны геополитикийн гол зорилго нь одоо шинээр бий болсон гол чиглэлүүдийг хяналтдаа авахын оронд хуучнууддаа анхаарлаа хандуулж, тэдгээрт халдах боломж олгохгүй байхад оршиж байна.
Ийм учраас Торгоны зам, Иран дамнасан суваг, Хойд мөсөн далайн зам мэтийн төслүүд өрнөдийнхний тэвчээрийг барж буй аж. Шинэ чиглэлийн замууд болон “эмзэг” цэгүүдийг хамгаалах зорилтыг ОХУ-ын Умард мөсөн, Балт, Хар, Номхон далайн флот гүйцэтгэх болжээ.
ОХУ-д саяхан бий болгосон хүнсний аюулгүй байдал нь эмзэг хэвээр байна. Газар тариалангийн томоохон компаниуд жижиг аж ахуйнуудад байнга халдаж байгаа гэнэ. Том компаниуд хоорондын ширүүн тэмцэл хэдийгээр улс доторх бизнесийн “дайн” мэт боловч тус улсын хүнсний аюулгүй байдалд шууд заналхийлэх болжээ.
Үнэн хэрэгтээ эдгээр үл ойлголцлын ард Оросын газар, хөдөө аж ахуйгаас ашиг хайгчид бий гэнэ. Тус улсын хуульд гадаадын иргэнд газар худалдахыг эрс хориглосон байдаг ч хэдэн сая га нь АНУ, Норвеги, Шведийн тэтгэврийн сангийн өмч болсон байжээ. Гадаадын тэтгэврийн сангууд Оросын газар нутгаас аваад зогсохгүй ямар хууль гаргахыг хууль тогтоогчдод нь зааж байгаа нь утгагүй юм. Хүнсний аюулгүй байдал нь арми, флот, эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн адил тэргүүлэх зорилт байх учиртай.