Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр хуралдсан юм. НИТХ-ын тэргүүлэгчдийн даргыг сонгох энэ хурлын үеэр БГД-ийн III, IY хороололд ил задгай худалдаа эрхлэгчдийн төлөөлөл иргэн С.Мишиг ажлын байрыг нь булааж байгааг эсэргүүцэн "Хангарьд" ордны өмнө нүцгэлж, дотоожтойгоо хэсэг зогсов. Тэрбээр нийслэлийн удирдлагуудад хандан "Хогийн цэгийг хөдөлмөрийн талбай болгоё" гэсэн уриатай тэмцэж байгаа юм.
С.Мишиг "Миний бие Хархорин захын гаднах талбайд худалдаа эрхэлдэг 100 гаруй иргэний төлөөлөл юм. Худалдаа эрхлэгчид бидний төлөөлөл болсон 20 орчим иргэн эхлээд өлсгөлөн зарласан. Энэ үед хүний амь эрсдээгүй л бол хамаагүй гэж юман чинээ тоохоо больсон байна. Гадаа хасах хэмийн хүйтэн байгаа ч үр хүүхдийнхээ төлөө нүцгэн зогсохоос өөр сонголт надад үлдсэнгүй. ИТХ-ын төлөөлөгч нар болон Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа биднийг хүлээн авч уулзах хүртэл тэмцэх болно" гэв.
Хангарьд ордны үүд орчмыг цагдаа нар хамгаалалтад авсан бөгөөд тэдний шаардлагаар иргэн С.Мишиг цаг орчим зогссоны эцэст буцсан юм.