Уур амьсгал өөрчлөгдөх үйл явцыг дагаад байгалийн гамшиг байнга гарах болсонд түгшиж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш сэтгүүлчидтэй уулзахдаа тэмдэглэжээ. Хар салхи дараалан дэгдсэн Атлантын далайн сав газар, тухайлбал, “Ирма” хар салхинд нэрвэгдсэн орнуудын байдалтай тэрбээр маргаашнаас танилцах гэж байна.
“Хохирлын хүрээ хэмжээг биечлэн дүгнэж, НҮБ тусламж нэмж үзүүлэх шаардлагатай, эсэхийг тодруулахаар Антигуа-Барбуда, Доминика улсыг зорино” гэж Антониу Гутерриш мэдэгджээ. Эдгээр улсыг “Ирма”, “Харви”, “Мария” хар салхи дайрсан юм. Атлантын далайн хойд бүс нутагт дэгдсэн хар салхинууд сүүлийн хэдэн жилийн хамгийн их уршиг дагуулсан гамшигт тооцогдож байна. “Бид бүх гамшгийг уур амьсгалын өөрчлөлттэй холбох ёсгүй. Гэвч эрдэмтдийн нотолсноор байгалийн онцгой үзэгдлүүд тийм өөрчлөлтийн улмаас хэвшмэл болж байна” гэж НҮБ-ын тэргүүн мэдэгджээ.
Тодруулбал, сүүлийн 30 жилд байгалийн гамшгийн тоо гурав, тэдгээрээс эдийн засагт учирсан хохирол тав дахин ихэсчээ. Далай, тэнгисийн усны түвшин 1870 онтой харьцуулахад 25 см-ээр дээшилсэн байна. “Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн онцгой үзэгдэл хоорондоо илэрхий уялдаатай болохыг эрдэмтэд тогтоожээ. Уур амьсгалын өөрчлөлт далайн усны температур нэмэгдэхэд хүргэдэг. Үүний улмаас агаар мандалд улам их уур манан дэгдэнэ. Хүчтэй салхи усан бороо дагуулж байна. Уур амьсгал дулаарах тусам хар салхины эрч нэмэгдэж, далай дээгүүр өнгөрөхдөө хүч нь сулрах нь бүү хэл, харин ч дээд цэгтээ хүрч байна” гэж Антониу Гутерриш ярив. Түүний хэлснээр мөс хайлж, далай, тэнгисийн усны түвшин дээшилснээр хар салхи илүү хүчтэй болж, их уршиг дагуулж байна. Аюулын дөрөв, тавдугаар зэрэглэлд хүрсэн хар салхи дэгдэх нь хэвийн үзэгдэл болохыг эрдэмтэд хэдийнэ анхааруулсныг НҮБ-ын тэргүүн онцлон тэмдэглэжээ. Ийм байдал бидний таамагласнаас түргэн биеллээ. Хар салхинд нэрвэгдсэн Карибын бүс нутгийн оршин суугчдад НҮБ-ын системийн хүмүүнлэгийн байгууллагуудаас 18 тонн хүнс, ус ариутгах гурван сая ширхэг бэлдмэл, 3000 канистр ундны ус, шумуулаас хамгаалах 2000 тор, дунд сургуулийн багц хэрэгслүүд нийлүүлснийг Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлжээ. Үүний сацуу гамшгийн бүсүүдэд НҮБ бэлэн мөнгө, эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн байна. НҮБ-ын гишүүн, байгалийн гамшигт өртсөн орнуудад туслах төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулж тус байгууллага хандивлагчдаас 113.9 сая ам.долларын тусламж хүсчээ. Уриалгыг хүлээн авч, тусалсан орнуудад НҮБ-ын тэргүүн талархлаа илэрхийлэв. Гэхдээ хангалттай тусламж үзүүлсэн гэх боломжгүйг тэрбээр хэлсэн байна. Тиймээс байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн зовлон, шаналлыг нүдээ аниад өнгөрүүлэхгүй байхыг А.Гутерриш хандивлагчдад уриаллаа. Тусламжийг өргөжүүлэх, гамшгийн уршгийг багасгах ажлаа эрчимжүүлэхэд НҮБ бүх хүчин чармайлтаа чиглүүлэхийг тэрбээр амлав. Хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын тэр гүүн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг бүх улсад уриалаад, 2019 онд уур амьсгалын дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж буйгаа мэдээллээ.