“Мария” хар салхинд нэрвэгдсэн Пуэрто Рико улсад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн таван цагийн айлчлалыг тус арлын нийслэл Сан-Хуан хотын дарга доромжлолд тооцож байна. Тэрбээр телевизээр үг хэлэхдээ “Д.Трамп иргэдэд гал тогооны цаасан алчуур шидэж өгсөн нь доромжлол, гутамшигтай үйлдэл боллоо” гэжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп твиттертээ “Пуэрто-Рикод гайхалтай сайхан өдрийг өнгөрүүллээ” хэмээсэн байв.
Пуэрто-Рико нь АНУ-д харьяалагддаг арал юм. “Мария” хар салхи дайрснаас хойш хоёр долоо хоногийн дараа Д.Трамп тэнд очиж, байдалтай газар дээр нь танилцсан билээ. Үүний дараа АНУ-ын Засгийн газар гамшигт нэрвэгдсэн газруудад 29 тэрбум доллар илгээхээр төлөвлөж байна гэж Цагаан ордноос мэдэгджээ.
Гамшгийн дараа туслах арга хэмжээг шуурхай аваагүй хэмээн тус арлын иргэд Цагаан ордныг шүүмжилсэн юм. Тэнд оршин суугаа дөрвөн сая орчим оршин суугчийн 90 гаруй хувь нь гэрэл цахилгаангүй байна. Алслагдсан бүс нутгийн оршин суугчид хоол хүнс, ундны ус, эм тариа зэрэг нэн түрүүнд шаардлагатай зүйлсийн хомсдолд орсон аж.