Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд “Эко үйлдвэрлэл” төсөл хэрэгжүүлэх ажлын нээлт өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Канад улсын Элчин сайдын Хөгжлийн хөтөлбөр хариуцсан зөвлөх Брюс Стийн болон бусад албаныхан, Нийгмийн хамгааллын тусгай төвийн удирдлага, хамт олон, иргэд оролцов. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Хонины ноосоор байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх “Эко үйлдвэрлэл” төсөл хэрэгжих болсонд баяртай байна. Энэхүү төсөл нь Дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилт-2030, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2016-2020 зэрэг хөгжлийн баримт бичгүүдэд, тусгагдсан зорилтуудыг дэмжиж байгааг онцлон хэлэх нь зүйтэй байх. Монгол Канад хоёр улсын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн төлөө Монгол Улсын хөгжил дэвшилд урт хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Канадын засгийн газарт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.
“Эко үйлдвэрлэл” төслийн хүрээнд тус төвийнхөн хонины ноосоор бүх насныханд зориулсан углааш, сандаал, оймс, цүнх зэргээс гадна таван хошуу мал, төрөл бүрийн чихмэл амьтныг хийх юм байна. Түүнчлэн дөрвөн бэрхтэй олбогийг хийх аж.
Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21-ээс дээш насны гэр оронгүй тэнэмэл иргэдийн нийгэмших үйл явцад нь туслан дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм. Тус төв нь нийслэлийн болон хөдөө орон нутгийн харьяалалтай гэр оронгүй, нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн хогийн цэгүүд болон томоохон худалдааны төв, орон сууцны хогийн цэгүүд, орц дулааны хонгилд хоноглодог иргэдэд 12 төрлийн багц үйлчилгээ үзүүлдэг байна