Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдрийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож нийт багш ажилчдад баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ
“Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид ээ
Эрхэм зочид, боловсролын удирдах ажилтануудаа!
21-р зууны хөгжлийн түүчээ болсон эрхэм баян эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч багш сурган хүмүүжүүлэгчид, энэрэл хайр, дадлага туршлагаар залуу багш нараа халамжлан хүмүүжүүлэгч ахмад багш нар, ирсэн зочид төлөөлөгчид та бүхэндээ Нийслэлийн төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа Монголын багш нарын 51 дэх өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсын Засгийн газрын болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтод сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, багшийн ачааллыг бууруулах, сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах, хүүхдийг амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал хэвшилд сургаж, үндэсний бахархал, глобал сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх, багшийн мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх “Нийслэлийн багш” төсөл хэрэгжүүлэн, багшийн нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, ажиллах орчныг сайжруулах бодлого боловсруулан хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан юм. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Нийслэлийн боловсрол-2020” хөтөлбөрийг баталлаа.
Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын нийт 2132 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 848 нэгж байгууллага буюу 39,8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод байдаг.
2020 он гэхэд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэн, 50 сургууль шинээр баригдаж, 3 ээлжтэй сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлнэ. Мөн цэцэрлэггүй байгаа 27 хороог цэцэрлэгтэй болгож, 60 цэцэрлэг шинээр бариулснаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд багшийн ачаалал өндөр, цэцэрлэгийн болон бага ангийн нэг багшид дунджаар 63 хүүхэд ногдож байна. Иймээс багшийн ажлын ачааллыг бид бууруулна.
Боловсролын байгууллагад сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлж, багш ажилтны ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулж, нэр хүндийг өсгөнө.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн багшаар 100 хувь хангаж, мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг 45 хувьд хүргэнэ.
Багш удирдах ажилтны нийгмийн асуудал, хөдөлмөрийн үнэлэмж, урамшуулал олгох эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа гарган холбогдох байгууллагуудад санал хүргүүлэн шийдвэрлүүлнэ.
Боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулж, эх хэлний боловсролын чанарын түвшинг ахиулна. Бидний өмнө хийж хэрэгжүүлэх олон ажил байгааг тоймлон та бүхэндээ хүргэлээ.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хүүхэд бүрийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай, иргэн болж төлөвшихөд чиглэсэн хичээл, сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйланг хичээллүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх олон талт сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ их үйлсэд хүчин зүтгэж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, ажилтан, албан хаагч, багш нартаа ажлын өндөр амжилт хүсье. Эрхэм баян-эрдэм ном дэлгэртүгэй” хэмээсэн юм.
Мөн энэ үеэр нийслэлийн Төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүд оны шилдэгээ тодрууллаа.