"Оргил рашаан сувилал" ТӨХК бол 1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын ууган сувилал билээ.
Тэгвэл Оргил рашаан сувиллыг хувьчилж зарсан гэнэтийн тогтоолыг тус сувиллын 115 ажилчин эсэргүүцэж, амьдралын баталгаа байхгүй боллоо гэж үзэн хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тухайлбал 2017 оны наймдугаар сарын 10-нд нээлттэй тендер зарлаж, 14 хоногт багтааж хувьчлах тухай шийдвэрийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор танилцуулжээ. Ийнхүү Сувиллын нийт ажилчдын эрх ашгийг үл хайхран аравдугаар сарын 3-ны өдөр нээлттэй дуудлага худалдаа болж15 тэрбум хоринтаван сая төгрөгөөр зарагдсан байна.
Хэвлэлийн хурлын үеэр их эмч Ч.Ганцэцэг "Хувьчлах шийдвэрээс үүдэн ажилтнуудын эрх ашиг хөндөгдөж, сэтгэл санааны тогтворгүй байдал үүсч, төрийн өмч эзэнгүйдэж, өмч хулгайд алдагдсаар дууслаа" гэв.
Хувьчлалаас үүдэн ажилтнуудын ажлын байрны баталгаа байхгүй болж байгаа тул нийт ажилтнуудад 12 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх мөнгөн төлбөр олгохыг шаардаж байна. Энэхүү мөнгө нь 115 хүний 12 сарын цалин болох 949 сая хоёр зуун хорин нэгэн мянган төгрөг буюу байгууллагыг зарсан мөнгөн дүнгийн 6.3 хувьтай тэнцэж байгаа юм.