МХЕГ, Евразийн эдийн засгийн комисс хооронд мал эмнэлэг, ариун цэвэр, ургамлын хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичигт МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, ЕАЭК-ын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков нар гарын үсэг зурав. Мал эмнэлгийн ариун цэвэртэй холбоотой бараа бүтээгдэхүүнд аюултай болон хорио цээртэй, хортой зүйлс, мал, амьтны өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор мал эмнэлэг, ариун цэвэр, ургамлын хорио цээрийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар санамж бичигт тусгасан юм.
Түүнчлэн ургамлын гаралтай бараа бүтээгдэхүүний харилцан худалдааны үеийн Монгол Улсын болон Евроазийн эдийн засгийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрийн ургамлын хорио цээрийн аюулгүй байдлыг хангах, мөн түүнчлэн хүн амыг малаас хүнд халдварлах өвчнөөс хамгаалах, мал, мал амьтны гаралтай бараа бүтээгдэхүүний аюулгүй худалдаа болон мал аж ахуйг хөгжүүлэхэд малын эрүүл мэндийг хамгаалах зэрэг асуудлыг ханган ажиллахаар болов.
Түүнчлэн дээрх чиглэлд тус бүс нутагт мэргэжилтэн сургах, туршлага хуримтлуулах, Евразийн эдийн засгийн холбооны 5 улсад мах, махан бүтээгдэхүүн, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн тавьсан стандарт шаардлага хангасан тохиолдолд экспортлох боломжтойг илэрхийллээ.