АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод орон нутгийн цагаар ням гаригийн шөнө 64 настай нягтлан бодогч Стивен Паддок хэмээх эр хөгжмийн фестивалын үеэр үзэгчид рүү гал нээж, шуугиан тарив. Нийт 22 мянган хүн цугларсан олон хүнтэй газар автомат буугаар шүршсэн энэ халдлагын улмаас одоогоор 59 хүн нас барж, 518 хүн гэмтэж, бэртжээ. Энэ бол орчин цагийн АНУ-д гарсан хамгийн цуст аллага гэж хэлж болно.
Алуурчин "Мандалай Бэй" зочид буудлын 32 давхраас үзэгчид рүү галласан юм. Ингээд Америкийн түүхэнд хамгийн олон хүний амь нас авч одсон, аймшигт аллагуудыг хүргэе.
Орландогийн шөнийн клуб, 2016 оны зургадугаар сард - 49 хүн нас барсан
Өнгөрсөн жил АНУ-ын Орландо хотын ижил хүйстнүүдийн шөнийн клуб рүү Омар Матеен хэмээх эр гал нээж, 49 хүнийг нөгөө ертөнц рүү илгээсэн харгис аллага үйлдэв. Үүнээс гадна 58 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр шархджээ. Хамгаалалтын албанд ажилладаг Матеен халдлага үйлдэх үедээ гар буу, хагас автомат AR-15 буугаар зэвсэглэсэн байв. Эх сурвалжийн нотолж буйгаар Матеен ижил хүйстнүүдийн ордог болзооны цахим сайтын гишүүн байсан бөгөөд ижил хүйстэн амрагтай байсан гэдэг.
Виржиниа Теч их сургууль, 2007 оны дөрөвдүгээр сард - 32 хүн нас барсан
Одоогоос есөн жилийн өмнө Виржиниа Теч их сургуулийн ази оюутан Севн Хуй Чо хоёр цагийн хугацаанд хоёр өөр газарт халдлага үйлдэж, 32 хүний амь насыг хохироожээ. Түүний халдлагын улмаас 17 иргэн шархадсан. Чо өмнө нь хоёр охиныг мөшгиж, дагасан хэрэгт орж байв. Тэрбээр халдлага хийхээсээ сарын өмнө хоёр гар буу худалдаж авсан байдаг. Тэрбээр эхлээд Уэйст Амблер Жонстон хэмээх оюутны байранд хоёр хүн хөнөөгөөд дараа нь Норрис Холлд 30 хүний аминд хүрчээ. Үүнийхээ дараа өөрийгөө буудаж, амиа хорлосон.
Сэнди Хүк бага сургууль, 2012 оны арванхоёрдугаар сард - 26 хүн нас барсан
2012 оны арванхоёрдугаар сард 20 настай Адам Ланза бага сургуульд халдлага үйлджээ. Алуурчин энэ аллага хийхээсээ хэдхэн цагийн өмнө ээжийнхээ аминд хүрсэн юм. Үүний дараа ээжийнхээ машиныг унаад Сэнди Хүк бага сургуульд халдлага хийсэн юм. Түүний гарт амиа алдсан 20 хохирогч нь 6-7 настай бяцхан хүүхдүүд байв.
Любийн кафе, 1991 оны аравдугаар сард - 23 хүн нас барсан
Техас мужийн Аустин хотод Любийн кафед ачааны тэрэгний жолооч Жорж Хеннард халдлага үйлдэв. Тэрбээр жолооны ард сууж байхдаа кафе руу галласан бөгөөд 23 хүний аминд хүрч, 27 хүн гэмтжээ. Алуурчин эмэгтэйчүүдийг болон үндэсний цөөнхийг үзэн яддаг нэгэн байжээ. Жорж цагдаа нарыг ирэхээс өмнө өөрийгөө буудаж, хөнөөсөн. Уг хэрэг 21 жилийн турш Америкийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн аллага болж байв.
Макдоналдсын халдлага, 1984 оны долдугаар сард - 21 хүн нас барсан
Хоёр хүүхдийн эцэг, 41 настай Жэймс Хуберти АНУ-ын Сан Франциско хотод мэргэн буучийн суманд оногдох хүртлээ макдоналдст халдлага хийж, 21 хүний аминд хүрч, 19 хүн бэртсэн билээ. Хуберти сэтгэцийн эмгэгтэй нэгэн байсан бөгөөд аллага үйлдэхээсээ өмнө гэрээсээ гарахдаа эхнэртээ "хүмүүсийг агнахаар явлаа" гэж хэлсэн баримт бий.
Сан Бернандиногийн халдлага, 2015 оны арванхоёрдугаар сард - 14 хүн нас барсан
Калифорниа мужийн Сан Бернандинод 28 настай Сед Ризван Фарук, 27 настай Ташфеен Малик нар гудамжинд гал нээж, цагдаа нарт буудуулж нас барах хүртлээ 14 хүний аминд хүрчээ. Цагдаа нар тэдний гэрээс олон тооны галт зэвсэг олсон байдаг. Хэдийгээр исламын улс бүлэглэлийн үзэл санааг дэмждэг гэр бүл байсан ч ямар нэг үүрэг даалгавар аваагүй гэж хууль сахиулагчид үзэж буй.
Эдмондын шуудангийн газар, 1986 оны наймдугаар сард - 14 хүн нас барсан
1986 оны наймдугаар сард Оклахома хотод шууданч эр Патрик Шеррилл ажил дээрээ аллага үйлдсэн. Өмнөх өдөр нь даргаасаа шүүмжлэл сонссон Патрик дараагийн өдөр нь галт зэвсэгтэй ажил дээрээ иржээ. Ингээд л 14 хүн нас барж, зургаан иргэн эмнэлэгт хүргэгдсэн.
Техас Тоуэр их сургууль, 1966 оны наймдугаар сард - 13 хүн нас барсан
Цэргийн хүн болохоор бэлтгэгдэж байсан Чарлес Уитман 1966 онд сургуулийнхаа дотуур байранд 13 хүний аминд хүрсэн юм. Мэргэн бууч болохоор бэлтгэгдсэн Уитман аллага хийхээсээ өмнө ээж болон эхнэрээ хөнөөж, нийт 13 хүнийг хохироожээ. Түүнийг нас барсных нь дараа судлаачид тархины хорт хавдартай байсныг нь тогтоож, энэ өвчин түүний зан авирт муугаар нөлөөлсөн байж болзошгүй гэж мэдэгдэж байв.
Колумбин ахлах сургууль, 1999 оны дөрөвдүгээр сард - 13 хүн нас барсан
Эрик Харрис болон Дилан Клеболд нар хамтарч, сургууль дээрээ халдлага үйлдэхээр төлөвлөжээ. Тэд бүх зүйлийг нарийн судалж, тэсрэх бодис ашиглахаар төлөвлөсөн гэдэг. Тэдний гарт 12 сурагч, нэг багш амиа алдсан бөгөөд энэ хэргийн дараа Америкийн зэвсэг ашиглах тухай хуулийг өөрчлөх эсэх тухай хэлэлцээрийг сэргээсэн билээ. Тэд яагаад ийм халдлага үйлдэх болсон нь одоог хүртэл тодорхойгүй.
Форт Худ, 2009 оны арваннэгдүгээр сард - 13 хүн нас барсан
АНУ-ын цэргийн сургуульд Нидал Хассан хэмээх сэтгэцийн эмч гал нээж, 13 цэргийн аминд хүрсэн. Түүнийг 2011 оны долдугаар сарын 20-нд шүүхээс хийсэн хэрэгт нь цаазаар авах ял оноожээ. Нидал Хассан АНУ-ын цэргийн шүүхээс цаазаар авах ял сонссон зургаан хүний нэг юм.