АНУ-ын Невада муж, зугаа цэнгээний их хот Лас Вегас цусанд будагдав. Дэлхийд алдартай зочид буудал "Мандалай Бэй"-гийн ойролцоо, тодруулбал, "Route 91 Harvest Music" фестивалын үеэр дуучин Жэйсон Алденийг дуулж байх үед тус тоглолтыг үзэхээр цугларсан 22 мянган иргэн рүү 64 настай Стивен Паддок хэмээх тэтгэвэртээ гарсан, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй эр гал нээж, 58 хүний амь насанд хүрчээ. Түүний үйлдсэн халдлагын улмаас 515 хүн шархадсан юм.
Тэгвэл алуурчин Стивен Паддок гэж хэн бэ, тэр яагаад халдлага үйлдэх болов?
Паддок ан хийх, загасчлах зөвшөөрөлтэй нэгэн. Ингэж тэр буу эзэмших зөвшөөрөл авсан бололтой. Гэхдээ Невада мужийн түүхэнд тэр гэмт хэрэг үйлдсэн удаа үгүй аж. Нягтлан бодогч мэргэжилтэй Паддок нэгэн үе холбооны мөрдөх товчооны хар дансанд багтаж, 1969 онд хамгийн үнэтэй гэмт хэрэгтнээр өргөмжилж байсан зартай банкны дээрэмчин Бенжамин Хоскинс Паддокийн хүү гэнэ. Эцэг нь шүүхээс 20 жилийн ял авсныхаа дараа 1969 онд Техас мужийн шоронгоос оргож, улмаар холбооны мөрдөх товчооноос түүний тухай мэдээллийг маш өндөр үнэлсэн билээ. Түүнийг найман жилийн турш хайсны эцэст 1978 онд баривчилсан түүхтэй.
Алуурчин үзэгчид рүү зогсоо зайгүй галласан. Тэр зөвхөн сумаа цэнэглэх гэж л түр завсарлага авсан байна. Одоогоор яг ямар зэвсгээр халдлага үйлдсэн нь тодорхойгүй, албаныхан нууцалж байгаа юм. АНУ-ын цагаар даваа гаригийн өглөө цагдаагийнхан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ алуурчны байрлаж байсан зочид буудлын өрөөнөөс 10 гаруй галт зэвсэг олсон байна.
Паддок "Мандала Бэй" зочид буудалд өнгөрсөн есдүгээр сарын 28-наас хойш байрлаж, халдлага үйлдэхээр зэхэж байсан бололтой.
Паддок зургаан жил ханилсан Пэгги Паддокоос 27 жилийн өмнө салсан бөгөөд халдлага үйлдэх үедээ найз бүсгүйтэйгээ хамт зочид буудлын өрөө хөлсөлжээ. Цагдаагийнхан энэ хэрэгт түүний найз бүсгүйг хамсаатан хэмээн сэжиглэсэн ч дараа нь буруугүй болохыг нь тогтоосон юм. Паддок хүүхэдгүй бөгөөд найз бүсгүйтэйгээ цуг амьдардаг байсан аж.
Уг халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэл хүлээхээ мэдэгдсэн. Хачирхалтай нь, Стивен Паддок Исламын бүлэглэлд ердөө сарын өмнө нэгдсэн гэж тус бүлэглэлийнхэн зарлажээ.
Харин түүний ах Эрик Паддок дүүгээ ийм хэрэг үйлдсэнд гайхаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр CBSN-д өгсөн ярилцлагадаа "Тэр хуулийн хүрээнд хэд хэдэн буу эзэмших зөвшөөрөлтэй байсан ч автомат буу хаанаас олсныг нь мэдэхгүй юм. Тэр бусдын ижил коллежид сурч, дараа нь ажилд орсон. Ямар нэг улс төрийн үзэл баримтлал, шашин шүтлэггүй" гэж ярьжээ.
Харин түүнийг мөрийтэй тоглоомд дуртай нэгэн болохыг нь гэр бүл, найз нөхөд нь албаны хүмүүст ярьжээ. Одоогоор уг хэргийн учрыг тайлахаар албаны хүмүүс ажиллаж буй учир юуны учир халдлага үйлдэх болсон нь тодорхойгүй байна.