Өнгөрсөн ням гаригийн орой Лас Вегас хотын Мандалай Бэй зочид буудлын ойролцоо гарсан халдлагын улмаас 50 гаруй хүн амь үрэгдэж, 400 орчим хүн гэмтэж шархадсан хэмээн CNN агентлаг мэдээлэв. Энэ нь орчин үеийн АНУ-ын түүхэн дэх хамгийн их хүн амь үрэгдсэн гэмт халдлага юм.
Болсон явдлыг тодруулбал, Жейсон Алдеан дуучны тоглолтыг үзэхээр цугласан олон руу Мандалай Бэй зочид буудлын 32 давхраас буутай зэвсэглэсэн этгээд гал нээжээ. Уг хэргийг үйлдсэн этгээд нь 64 настай Стивен Паддок (Stephen Paddock) гэгч бөгөөд түүний байрлаж байсан өрөөнөөс нуусан 10 галт зэвсэг, буу олджээ.
Халдлага ням гаригийн оройн 22.08 минутын орчимд эхэлсэн бөгөөд Лас Вегасын цагдаа нар Паддокийг уг хэргийг ганцаараа үйлдсэн хэмээн таамаглаж байгаа аж. Хэдийгээр түүнтэй хамт нэг өрөөнд байсан Марилу Дэнли (Marilou Danley) гэгч эмэгтэйг хамтран үйлдсэн байх магадлалтай хэмээн сэжиглэж байсан ч Лас Вегасын цагдаагийн газрын мэдээлснээр Марилу Дэнли уг хэрэгтэй холбоогүй болох нь тогтоогджээ.
Үүний дараа тоглолтоо хийж байсан дуучин Жейсон Алдеан өөрийн инстаграмм хуудаснаа гүн эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгджээ. Тэрбээр "Өнөө орой үнэхээр аймшигтай байлаа. Би одоог хүртэл юу хэлэхээ мэдэхгүй байгаа ч би болон манай багынхан эсэн мэнд гэдгийг мэдэгдэхийг хүссэн юм" гэсэн байна.