Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф, Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини нар энэ оны Нобелийн энх тайвны шагналтан болж магадгүй. Уг хөтөлбөрийн талаарх үйл ажиллагааны хамтарсан иж бүрэн төлөвлөгөө боловсруулахад оруулсан хувь нэмрийнхээ төлөө уг шагналыг хүртэх магадлалтай гэж Норвегийн Энх тайвны судалгааны хүрээлэнгийн тэргүүн Хенрик Урдаль сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Европын холбоо болон Иранаас Могерини, Зариф хоёр хэлэлцээг зохион байгуулж, хариуцан ажилласан. Хэлэлцээ хийх хүнд ажилд бусад оролцогч ч хамрагдсан бөгөөд тэдний байгуулсан гавьяанд анхаарал хандуулахгүй байх аргагүй. Түүгээр зогсохгүй, Ираны цөмийн хөтөлбөрийг дэмжих улс төрийн дохиог одоо өгөх нь чухал гэж бодож байна. Уг хэлэлцээрийг санаачлагчдад шагнал олгох нь АНУ уг гэрээнээс гарсан ч бат бөх үндэс суурьтайг онцлон тэмдэглэх юм” гэж Х.Урдаль мэдэгдэв.
Түүний саналыг энх тайвны шагналын түүхийг хариуцсан мэргэжилтэн, хэвлэлийн “Nobeliana” төслийг санаачлагч Асле Свеен дэмжжээ. Түүний гаргасан жагсаалтын нэгдүгээрт Зариф, Могерини нарын хамт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри бичигдсэн байна. “Ираны хэлэлцээрийн чухлыг онцлон тэмдэглэсэн шагнал нь Умард Солонгосын цөмийн сүрдүүлэгтэй холбоотой нөхцөл байдлыг шийдэх, Ким Жөн Унтай хийх хэлэлцээг аль болох түргэн эхлэх хэрэгтэй гэсэн дохио өгч мэдэх юм” гэж “Nobeliana”-гийн цахим хуудсанд дурджээ.
Тогтсон уламжлал ёсоор Нобелийн шагналд горилогчдын нэрсийн жагсаалтыг нийтэлдэггүй. 50 жилийн турш шагналаа гардуулсны дараа Нобелийн сан тийм баримт бичгийг нийтэлж болох юм гэж үздэг. Гэсэн ч жил бүр нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг нэр дэвшүүлэх эрхтэй байгууллага, эсвэл хувь хүмүүсээс хэвлэлүүд авсан байдаг. Энэ онд 318 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд шагналтныг ирэх сарын 6-нд Ослод нэрлэнэ гэснээс өөр мэдээллийг уг нэр хүндтэй шагналыг жил тутам олгодог Норвегийн Нобелийн хороо өгөөгүй байна.
Норвегийн шинжээчдийн нэрлэснээр ОХУ-ын хүний эрхийг хамгаалах “Мемориал” төвийг үүсгэн байгуулагч Светлана Ганнушкина, тус улсын “Шинэ сонин” (Хэвлэлийн байгууллага Нобелийн энх тайвны шагнал авч байгаагүй), НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди, түүний байгууллага, Саудын Арабын блогчин Раиф Бадави, Туркийн “Cumhuriyet” сонины ерөнхий редактор асан Жан Дюндар нар шагнуулж магадгүй.