Германы Бундестагийн сонгууль болохоос өмнө нэг сарын хугацаанд тус улсад бүртгэлтэй, хуурамч хэдэн арван мянган хаягийг устгаснаа “Фэйсбүүк” компаниас мэдэгдэв. “АНУ, Францын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадаас саад болсон тухай мэдээллүүд гарсны дараа хуурамчтай нь тэмцэх, тус сүлжээг нийгмийн амьдралд иргэдийг жамаар нь татан оролцуулахад зориулсан аюулгүй орчин болгох зэрэг хэдэн чиглэлээр Германы эрх баригчидтай бид нягт хамтран ажиллалаа” гэж тус сүлжээний төлөөлөгч Ричард Аллан тэмдэглэжээ.
“Бид парламентын гишүүд, цахим аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт явуулж, тус улсын мэдээллийн техникийг халдлагаас хамгаалах байгууллагатай харилцах суваг нээсэн” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Германы сонгуулийн явцад нийгмийн сүлжээгээр дамжуулан хөндлөнгөөс оролцсон ул мөр илрээгүй хэмээн “Фэйсбүүк”-ийн тэргүүн Марк Зүкерберг урьд нь мэдэгдсэн билээ.
“Фэйсбүүк”-ийн аюулгүй байдлыг хариуцдаг ажилтан Алекс Стамосын хэлснээр өнгөрсөн онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ-ын нэг байгууллага худал мэдээлэл түгээх улс төрийн зорилготой сурталчилгааг нийгмийн сүлжээгээр тараахад 100 мянган доллар зарцуулжээ. Нийгмийн сүлжээнд улс төрийн сурталчилгаа байрлуулсантай Кремль ямар ч холбоогүй, хэн тийм захиалга өгснийг мэдэхгүй” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хариуд нь мэдэгдсэн байна.