Нийслэлийн 378 жилийн ойг угтан, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Эко Налайх” хөтөлбөрийн хүрээнд “Алтан намар” ургацын баярыг өнөөдөр зохион байгуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ “Үржил шимт Налайхынхаа хөрсөнд олон төрлийн жимс жимсгэнэ, мод бут тарьж ургуулан үр дүнг нь хүртэж, иргэддээ дэлгэж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Өөрийн гараар тарьж ургуулсан жимс хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэнэ гэдэг бол хөдөлмөрлөсний ач тус юм. Дүүргийнхээ өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд хамтдаа зүтгэцгээе” гэв.
Дүүргийнхээ үржил шимт газрын хөрсөнд хөдөлмөр зүтгэлээ шингээн тарьж ургуулсан жимс хүнсний ногоо, бод бутны дээжээсээ иргэд “Алтан намар” өдөрлөгтөө дэлгэн тавьж, худалдан борлуулж байна.
Өрхийн тариалалтыг нэмэгдүүлэн, хөрс, цаг уурын онцлогт тохирсон таримлыг тариалуулж, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах чиглэлээр аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулах сүлжээг боловсронгуй болгох, өвлийн хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлж, иргэдийг амин дэмээр баялаг жимс, хүнсний ногоогоор тогтмол хангах боломжийг бүрдүүлэхийн тулд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Дүүрэгт Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол ногоо төсөл, Гүүд Нэйборс олон улсын байгууллага, ХХҮХ-ийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгч байгаа юм.
Алтан намар өдөрлөгт дүүргийн 7 хороо зохион байгуулалттайгаар оролцож, жимс, хүнсний ногооны үзэсгэлэн гаргаж байна. Өдөрлөгөөс шилдэг хороо, том ургац, залуу тариаланч, ахмад тариаланч, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэн, нөхөрлөл, бүлэг, энэ онд өөрийн эзэмшил газартаа хамгийн их мод тарьж ургуулсан иргэн гэсэн 8 номинациар шалгарууллаа.
-Шилдэг хороогоор 7 дугаар хороо
-Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагаар 2 дугаар хороо
-Хамгийн том ургацаар 25 кг хулуу тариалсан 3 дугаар хорооны иргэн П.Тодгэрэл
-Шилдэг тариаланчаар 6 дугаар хорооны тариаланч В.Дамдинбал
-Шилдэг ахмад тариаланчаар 1 дүгээр хорооны тариаланч П.Гантөмөр
-Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэнээр Б.Цогзолмаа
-Шилдэг нөхөрлөлөөр 7 дугаар хорооны Өсөн дэвжих нөхөрлөл тус тус шалгарлаа.
Мөн 2017 онд өөрийн эзэмшил газартаа хамгийн их мод тарьж ургуулсан 14 иргэн7 өрхийг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Зохион байгуулагчдын зүгээс өдөрлөгт идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж, иргэнд дүүргийн төв талбайд 10 хоног өөрийн тарьж ургуулсан жимс хүнсний ногоогоо худалдан борлуулах эрхийг олгох юм.
Дашрамд дурдахад ХХҮХ-ийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд зорилтот бүлгийн 60 орчим иргэнийг хамруулж, 3 га газарт төмс, 0.4 га газарт хүнсний ногоо, 114 м2 талбай бүхий 3 хүлэмжинд огурци, помидор, чинжүү зэрэг нарийн ногоо тариалж, өрхийн орлого нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлжээ.
Хөтөлбөрт хамрагдсан иргэд өргөст хэмх 1500 кг, улаан лооль 1050 кг, чинжүү 70 кг, төмс 20 тн, манжин 2880 кг, лууван 1440 кг, хүрэн манжин 1440 кг, байцаа 3,2 тн ургац хураан авчээ. Өдөрлөгийн үеэр ХХҮХ-ээс зорилтот бүлгийн 100 өрхөд шинэ ногооны дээжээс гардуулан өгсөн юм