Каираас зүүн тийш 45 км зайтай газарт барьж буй Египетийн шинэ нийслэл ирэх оны эцсээр Засгийн газрын байгууллагуудаа хүлээн авахад бэлэн болно. Ерөнхий сайд Шериф Исмаил ийн мэдэгдсэнийг “Al Ahram” сонин мэдээлжээ. Төр захиргааны байгууллагуудаа нүүлгэх замаар тус улсын эрх баригчид нийслэл хотынхоо 20 сая болтлоо өссөн хүн амын хэт төвлөрөл, замын түгжрэлийг арилгана хэмээн найдаж байна.
Шинэ нийслэлтэй болох төлөвлөгөөг 2015 оны гуравдугаар сард зарлаж байсан юм. Суэцийн суваг хүртэл үргэлжлэх “Шинэ Каир төсөл”-ийн үр дүнд тус хот дэлхийн хамгийн алдартай бизнес төвүүдтэй өрсөлдөхүйц болох бөгөөд үүнд 45 сая ам.доллар зарцуулах аж.
Шинэ хот 700 ам км талбайтай байна. Энэ нь одоогийн нийслэлтэй төмөр замын сүлжээгээр холбогдох бөгөөд өөрийн гэсэн нисэх буудалтай, Ойрхи Дорноддоо хамгийн томд тооцогдох, зугаа цэнгэлийн хүрээлэнтэй байх гэнэ. Тэнд мөн 40 мянган өрөө бүхий тэнгэр баганадсан зочид буудлууд болон орон сууцны 25 хороолол босно.
Одоогийн нийслэлээс таван сая хүн шилжин суурьшихаас багагүй хэсгийг нь төрийн түшмэд эзлэх аж.