Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.СҮХБАТ: Дэлхийн шилдэг тамирчдын нэг болохыг зорьдог

Дэлхийн даамны холбооны мастер,“Хасу мегават” ХХК-ийн тамирчин, “Хийморь хөлөг” клуб, “Монгени” сургуулийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Сүхбат оюуны спортод амжилтаараа өнгөлж яваа шилдэг тамирчдын нэг. Тэрбээр 2013 онд өсвөрийн Азийн АШТ-д аваргаар шалгарч, дараа жил нь Польшийн Дабки хотод болсон зуун буудалт даамны залуучуудын ДАШТ-д их мастер Д.Баттулгын удирдлагад оролцож, хүрэл медаль хүртсэн. Энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-д дэлхийн аварга, ОХУ-ын Александр Шварцман, Нидерландын Мартин ван Айзендорн, Украины Юрий Аникеев нартай таарч, есөн өрөг тоглохоос хоёр хожиж, долоо тэнцсэн амжилтаар хэсэгтээ IV байрт шалгарсан түүнтэй ярилцлаа.

-Эстонийн Таллин хотод зургадугаар сард болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хагас шигшээд та Камеруны их мастер Кристиан Ниами, Украины Юрий Аникеев нартай таарсан.

-Тус тэмцээнд дэлхийн шилдгүүд цуглаж, ана мана өрсөлдсөн. Эрэгтэйчүүд дөрвөн хэсэгт хуваагдаж, эмэгтэйчүүд тойргоор тоглосон. Би D хэсэгт дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОХУ-ын Александр Шварцман, Нидерландын Мартин ван Айзендорн нартай таарч, есөн өрөг тоглохоос хоёр хожин, долоо тэнцсэн амжилтаар хэсэгтээ IV байрт шалгарсан юм. Энэ жилийн ДАШТ-д D хэсэгт их мастер Мартин ван Айзендорн тэргүүлсэн бол Александр Шварцман шилж дарж, их мастер Кристиан Ниами III байр эзлэн шигшээ тэмцээнд орох эрх авсан.

-Спорт сонирхогчид сүүлчийн тавил эргэлзээтэй боллоо. Манай тамирчны өмнө Орос, Камеруны даамчин орсноор шигшээд шалгарсангүй гэж байлаа.

-Кристиан Ниами Африкийн тамирчинтай таарч цэвэр хожсон. Александр Шварцман сүүлийн хоёр өрөгт ялалт байгуулснаар миний өмнө орсон юм. Надтай таарсан учраануудаас хамгийн хүчтэй нь Мартин ван Айзендорн байв. Түүнтэй тоглох тун амаргүй. Өмнө нь залуучуудын ДАШТ-д хоёр удаа тоглохдоо тэнцэж, ялагдсан. Өмнөх тэмцээнд залуучуудын дэлхийн аваргад тоглосон гараагаараа хэд нүүхэд тэрбээр эсрэг нүүдлүүдийг маш сайн хийсэн юм. Түүнтэй тоглолтын дунд үед тэнцсэн. Тэрбээр сонгодог тоглолтод гаргууд, тааварлашгүй өвөрмөц нүүдэлтэй. Мөн А.Шварцмантай тоглох сонирхолтой санагдсан. Гараа нь тун сонин. БНХАУ-ын их мастер Жоу Вэйтэй 2016, 2017 онд тоглосон гараагаар тоглосон. Тэрбээр намайг богино хугацаанд маш сайн судалсныг тэмцээний явцад нүүдлүүдээс нь анзаарсан юм. Би өмнө нь түүний өргүүдийг сонирхож хардаг байлаа. Миний хувьд тоглолтыг нь мэддэг тул түүний залуудаа өндөр амжилт гаргасан нүүдлүүдийг өөрийнх нь эсрэг хийхээр зорьсон. Тиймдээ ч санасандаа хүртэл тоглосон гэж бодож байгаа. Тэрбээр хэсгээсээ тун азтай шалгарсан. Шигшээд зургадугаар өрөгт Африкийн их мастер Жоел Ацег хожигдох өргөөс хожиж, тоглолтын уур амьсгалыг өрсөлдөөнтэй болгосон.

Дэлхийн таван удаагийн аварга, ОХУ-ын тамирчин Александр Шварцман

-Тоглолтын явцад өрсөлдөгчдийнхөө тактик, арга барилаас гадна зан чанар, дасгалжуулагч багшийг нь судалсан уу?

-Тамирчдын харц, хөдөлгөөн, нүүдлээс нь тоглолтын санаа, чиглэл, тактик нь харагддаг. Дэлхийн 40 шилдэг даамчнаас хамгийн сонирхолтой тоглолтыг Нидерланын Рул Бумстра харуулсан. Нүүдэл нь үнэхээр гоё, бүр төгс гэмээр. Их мастерууд түүнийг “Компьютер шиг нүүдэг. Нүүдэл болгоноо сайн хийх гэж хичээдэг” гэж байв. Тэрбээр хойшид их мастеруудыг нэлээд сандаргаж, шуугиулах байх. Одоогоор халз тоглолтод нэг ч ялагдаагүй. Тэмцээний үед янз бүрийн хөдөлгөөн хийхгүй, сэтгэл хөдлөл, царайны хувирал харуулахгүй, гаднаас дуу чимээ мэдрэхгүй тоглодог. Өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйг харц, хөдөлгөөнөөс нь уншиж, ямар нэгэн үйлдэл гаргах, сайн, муу нүүдэл хийхийг нь хүртэл мэдэрдэг.

-Гарын шавь бэлдэхээр “Монгени” сургуулийн даамны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа гэл үү.

-ДАШТ-ээс ирээд тус сургуулийн шигшээ багийн тоглогчдыг тэмцээнд сойхоор бэлтгэж эхэлсэн. Би ирэх жил зохион байгуулах насанд хүрэгчдийн УАШТ, Азийн АШТ-д оролцохоор зорьж байгаа. Шавь нартай минь хамт дэлхийн аварга Б.Есүй өнгөрсөн жилээс миний удирдлагад хичээллэж байгаа. Тэрбээр 2018 онд Беларусийн Гомель хотод болсон өсвөрийн зуун буудалт даамны ДАШТ-д өрсөлдөж, блиц тоглолтод тэргүүлсэн юм. “Монгени” сургууль шатрын гүнзгийрүүлсэн сургалттай. Одоо даамаар хичээллэдэг хүүхдүүдийг I ангиас нь сургалтад хамруулдаг болсон.

АНУ-ын тамирчин, их мастер Макенди Сен-Жюсте

-“Хасу мега старс” клубээр олон жил овоглолоо. Хэзээнээс харьяаллынх нь тамирчин болов?

-Би зардлын асуудлаас болж өсвөрийн ДАШТ-д оролцолгүй гурван жил өнжсөн. Тэр хугацаанд шилдэг тамирчдын өргүүдийг судалдаг байлаа. 2014 оноос тус клубийн захирал Ж.Түмэн-Аюуштай хамтран ажиллаж, гадаадын тэмцээнүүдэд оролцох болсон юм.

-Азийнхан оюуны спортоор дэлхийд тэргүүлдэг. Алдартнуудтай эн тэнцүү өрсөлдөж, тивээсээ цойлж гарна гэдэг амаргүй шүү дээ?

-2013 онд болсон өсвөрийн Азийн АШТ-д таван улсын тамирчид өрсөлдөхөд би нутаг нэгт Ц.Отгонбилэгтэй тоглосон. Түүнээс хүү дутуу байсан ч төгсгөл хэсэгт хожсон юм. Үүнээс гадна өмнөд хөршийн насанд хүрэгчдийн улсын аварга Хионг Жионгийг хөлөг дээр буулгаж авсан. Надад тэр үед Азийн аварга болно гэсэн итгэл төрөөгүй. Сүүлийн үед даамчид ачаалал даах бэлтгэл түлхүү хийж, хожсон, хожигдсон ч сэтгэл догдлолоо тэр бүр гаргадаггүй болсон. Би 2017 онд Бүх Хятадын спартакиад болохын өмнө ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн тамирчидтай хамт бэлтгэл хийсэн юм. Тэр үеэр Латвийн дэлхийн аварга Валнерис Гунтисийг ирэхэд нь танилцаж, тактик боловсруулах хувилбар, тэмцээний дунд хэсэгт чиглэл өөрчлөх, цагийн менежментийг зөв ашиглах, өрсөлдөгчийнхөө өргүүдийг судалж, алдаа гаргах хувилбар дээр нь тоглож сурах, шийдвэрлэх тоглолтод биеийн хэлэмжийг хэрхэн гаргах вэ гээд олон зүйл сурсан. Энэ жилийн ДАШТ-д оролцохоос сарын өмнө түүнтэй цахимаар тоглож, зөвлөгөө авсан. Тэрбээр ДАШТ-д өрсөлдсөний дараахан “Чи их өөрчлөгджээ. Рапид тоглолтод өмнө нь сайн байгаагүй. Энэ удаа сайн тоглолоо” гэж урам өгсөн. Бид байнга холбоотой байдаг. Олон улсад даамыг хөгжүүлэх зорилго, мэддэг, чаддаг зүйлээ зааж, зөвлөх хүсэлтэй байдаг нь их таалагддаг. Намайг хүүхэд байхад Валнерис Гунтисийг дэлхийн гоц тамирчин гэдэг байлаа. Тиймдээ ч өдгөө чансаагаараа II жагсдаг.

Камеруны тамирчин, их мастер Кристиан Ниами

-Валнерис Гунтистэй байнга холбоотой гэхээр сайн найзууд бололтой.

-Бид Шилийн гол аймагт 50 гаруй хоног нэг буудалд хамт байрлахдаа найзууд болсон. Даамыг олон цаг сууж тоглодог тул бэлтгэлийн дараа заавал дасгал хөдөлгөөн хийх ёстой. Тэрбээр бэлтгэлийн дараа ширээний теннис тоглодог. Монголд 2017 онд болсон нээлттэй тэмцээнд зочилж ирэхдээ нүүдлийн амьдрал, ахуй, соёлтой танилцаад буцсан. Би түүнийг дасгалжуулагч багшаа гэж хүндэлдэг.

-Мартин ван Айзендорнтой томоохон тэмцээнд өмнө нь таарч байв уу?

-Тэмцээн өндөрлөсний дараа өргийг нь сонирхож харсан. Түүнтэй гурван удаа таарахдаа би дандаа цагаанаар тоглосон байв. Бүр нэг гараагаар тоглосон нь тун сонирхолтой. Миний хувьд тоглолтыг нь гадарладаг ч түүний тооцоолон бодох хувилбар нь таашгүй. Тэрбээр алсыг харж, холыг тооцоолж тоглодог. Тэгэхээр нүүдэл бүрээ жигд, сайн хийх шаардлагатай. Нэг л огцом, эсвэл дундаж нүүдлээр нүүхэд тоглолт аажмаар буурч, хожигдох магадлалтай.

Нидерландын тамирчин, их мастер Мартин ван Айзендорн

-Дэлхийн даамны холбооны шинэчилсэн чансаа саяхан гарлаа. Та Эстонид болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д есөн өргөөс 11 оноо авч 61.11 хувийн амжилт үзүүлж чансаагаа 36.6 оноогоор ахиулан олон улсын мастер цолны нэг балл биелүүлсэн. Энэ талаар сонирхуулж яриач?

-Дэлхийн даамны холбоо улирал тутамд тамирчдын чансааг шинэчилдэг. Энэ сарын 1-нд гаргасан чансаагаар тус ДАШТ-д оролцсон амжилтаар өндөр оноо цуглуулж, гадаад чансаагаа 2225 болгож, олон улсын мастер цолны нэг балл биелүүлсэн. Миний хувьд чансаагаараа улсдаа хоёр, Ази тивд гуравт жагсдаг. Одоогоор Хятадын Пан Имин чансаагаараа I, Монголоос Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг II, би III, Р.Манлай IV бичигдэж байгаа. Манай тамирчид оюуны чадавхаар өндөр үзүүлэлттэй ч улсын дэмжлэг багатай тул амжилт нь хойгуур бичигддэг тал бий. Европоос ОХУ, Азиас Хятад оюуны спортын тамирчдаа сайн дэмждэг. Өмнөд хөршид бэлтгэл хийхдээ тамирчдаа хөгжүүлдэг улс ямар байдгийг харсан. Тамирчид нь хичээллэдэг спортынхоо төлөө бүх зүйлээ зориулдаг. Товчхон хэлбэл, амьдралынхаа гол зорилго болгодог. Тэнд 9.00-13.00 цаг хүртэл бэлтгэл хийж, үдийн цайнд орчихоод унтдаг. 16.00-18.00 цагт бэлтгэлээ үргэлжлүүлж, дараа нь теннис тоглоод амарна. Цагийнх нь хуваарьт дасан зохицох эхэндээ амаргүй санагдсан ч сүүлдээ сурсан.

-Гадаадын тэмцээнд оролцохдоо хэдэн сарын өмнөөс сэтгэл зүйгээ бэлддэг вэ?

-Гурван сарын өмнөөс бэлддэг. Европт болдог тэмцээн цагийн зөрүүнээс шалтгаалж Монголд шөнө эхэлдэг. Тиймээс тархины үйл ажиллагааг сэргэг байлгахын тулд тухайн орны цагийн хуваарьт нь тохируулж бэлтгэл хийдэг. Хятадын их мастеруудыг дасгалжуулагчид нь ачаалал даах бэлтгэл хийлгэдэг. Олонх улсын тамирчид долоон өрөг тоглоод л идэвх нь буурч, ядардаг бол өмнөд хөршийнхөн сэргэж байх жишээтэй. Монголд энэ спортын шигшээ багийн дасгалжуулагч, тамирчидтай байх хэрэгтэй. Энэ нь хойч үеийн тамирчдыг бэлтгэхэд их нөлөөлнө. Тиймээс шилдэг тамирчдыг нэг баг болгож, бэлтгэл хийлгэх нь зүйтэй. Тухайлбал, нэг нь гадаадын тэмцээнд оролцох боллоо гэхэд нөгөөх нь бэлтгэл хамт хийж, ур чадварыг нь ахиулах юм. Миний хувьд ДАШТ-д оролцохын өмнө олон улсын их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Эрдэмбилэг нартай хамт бэлтгэл хийсэн. Р.Манлайд даамын талаар өгүүлсэн сонирхолтой олон ном бий. Ихэнхийг нь уншсан.

Сенегалын тамирчин, их мастер Ндиага Самб

-Польшийн Дабки хотод 2014 онд болсон зуун буудалт даамны өсвөр, залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тухайгаа сонирхуулаач?

-2014 онд “Хасу мега старс” клубийн тамирчин болж, өсвөр, залуучуудын ДАШТ-д анх удаа өрсөлдсөн нь тэр. Би өмнө нь Азийн аварга болчихсон, өсвөр, залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль нэлээд хүртсэн байлаа. Дэлхийн аваргын тэмцээнд долоо дахь тавилдаа Беларусийн Алексей Куницаг хожиж, II байрт бичигдэж, найм дахь өрөгт Литвагийн Артур Тункевичид хожигдсоноор хоёр байраар ухарсан. Шийдвэрлэх тоглолтын сүүлийн өрөгт ОХУ-ын Сергей Яковлевыг хөлөг дээр ялж, медалийн тавцанд зогссон. Надтай тоглосон тамирчдаас Алексей Куница тухайн үед Европын аварга болчихсон байв. Тэрбээр 17 настай ч 2013 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн, олон улсын мастер цолтой, гадаад чансааны оноо нь 2300 хүрсэн байлаа. Түүнийг сонгодог тоглолтод итгэмээргүй байдлаар хожсон. Өрсөлдөгч минь миний жигүүрийг бүслэх гэж оролдсон. Тооцооны дагуу тоглосоор түүний тоглолтыг буруу гэдгийг баталсан юм. Сүүлийн өрөгт Сергей Яковлевтэй тоглохдоо гараанаас цагааныг сонгож, киллерийн системийн хувилбараар тоглосон. Тоглолтын дунд үед колийн хүүгээ ашиглан комбинац хийснээр хожих боломжтой болсон. Энэ жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Беларусийн Алексей Куница А хэсэгт тоглож, IV байрт шалгарлаа. 2014 онд надтай тоглосон тамирчдаас зарим нь хувийн амьдралдаа анхаарал хандуулаад энэ спортоос хөндийрсөн. Тухайлбал, Сергей Яковлев өөр салбарт хүч сорьсон бол Артур Тункевич томоохон тэмцээнд оролцох нь эрс багассан. Миний хүртсэн хүрэл медаль Монголын даамны спортод залуучуудын ДАШТ-ий хоёр дахь нь. Эрэгтэйчүүдийн ангилалд анхных нь юм. Өмнө нь 2000 онд дэлхийн даамны холбооны мастер Н.Мөнхтуяа тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртэж байв.

-Д.Элбэг багшийн шавь нарын нэг гэсэн үү?

-Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн V ангийн сурагч байхдаа Д.Элбэг багшийн шавь болж, даамаар хичээллэсэн. Үүнээс өмнө шатраар дүүргийн өсвөр, залуучуудын АШТ-д хоёр, насанд хүрэгчдийн ангилалд нэг удаа түрүүлсэн байв. Шатар тоглодог ч даам руу хүчтэй татагдсан. Анхны багш минь шатраас илүү даам тоглуулах сонирхолтой байсан нь их нөлөөлсөн. Би аль алинаар нь нэг хэсэг хичээллэж, сүүлдээ даамаар дагнасан. Сургуулиас зохион байгуулсан тэмцээнд аварга болж, дүүргийнхэд оролцдог боллоо. Дараа нь Улаанбаатар хотын АШТ-д үеийнхэнтэйгээ ана мана үзэлцэж, хүрэл хүрэл медаль зүүв. 2013 онд өсвөрийн Азийн АШТ-д түрүүлж, ур чадвараа ахиулахаар спортын мастер Т.Пүрэвдорж багшийн удирдлагад хичээллэж байгаад их мастер Д.Баттулга дасгалжуулагчийг сонгосон юм.

Миний зорилго энгийн. Тамирчид их мастер цолтой болохыг хүсдэг бол би дэлхийн шилдэг тамирчдын нэг болохыг зорьдог. Энэ ташрамд ялагдахад дэм өгч, ялахад урам хайрладаг гэр бүл, ханьдаа, даамны эрдэм заасан багш нартаа, мөн өнөөгийн амжилтад хүрэхэд дэмжсэн “Хасу мега старс” клубийн Ж.Түмэн-Аюуш захиралд баярлаж, талархсанаа илэрхийлье.

10
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Ц.СҮХБАТ: Дэлхийн шилдэг тамирчдын нэг болохыг зорьдог