Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн сурвалжилга: Эмч нар амрах эрхгүйгээр улаан бүсэд ажиллаж, өвчтөнүүд шалаар “хөглөрч” байна

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Цар тахлын хүнд хэцүүтэй “нүүр тулан” ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид ямар нөхцөл байдалд ажиллаж байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг бид зорилоо. Биднийг тус эмнэлэг дээр өглөөний 10 цагийн үед очиход эмнэлгийн гадна талын талбай дээр иргэд уртаас урт дараалал үүсгэн коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ өгөхөөр дугаарлаж байв. Шинж тэмдэг илэрсэн болон ойрын хавьтал болсон иргэд ийнхүү шинжилгээ өгөхөөр дугаарлаж буйгаа хэллээ. Тус шинжилгээний цэг дээр өдөрт 100 иргэнээс л шинжилгээ авдаг аж.

“Халдвараар хүнд өвдсөн иргэнд ор хүрэлцээгүй улмаас коридорт ор дэлгэж хүлээн авах тохиолдол их гарна”

Тус эмнэлэг халдвар авсан иргэдээ хэрхэн хүлээн авч, ямар зохион байгуулалтай ажиллаж байгаа талаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвар сэргийлэлт хяналтын албаны дарга Д.Содгайхамшигмаатай ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар хичнээн эмч, ажилтан иргэдэд эмчилгээ үйлчилгээг хүргэн ажиллаж байна вэ?

-Манай эмнэлэг 300 гаруй эмч ажилтантай. Эдгээрээс амбулаторийн эмч нар үндсэн ажлаа хийж, бусад эмч, ажилчид халдвар авсан иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэн, улаан бүсэд ээлжээр ажиллаж буй.   

-Ковидоос бусад өвчлөлд эмчилгээ үйлчилгээг хэвийн хүргэж чадаж байна уу?

– Амбулаторийн эмчилгээ үйлчилгээг хэвийн хүргэж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээг таслахгүйн тулд эмч нараа нарийн хуваарийн дагуу ээлжилж улаан бүсэд ажиллуулж буй. Түүнээс гадна эмч, ажилчид маш их ачаалалтай ажилласны улмаас дархлаа нь унаж халдвар авах тохиолдол их гарах боллоо. Ингэж халдвар авсны улмаас эмч, ажилчдын хүрэлцээ дутмаг нөхцөл байдал үүссэн. Гэсэн хэдий ч иргэдэд эмчилгээ үйлчилгээг таслахгүйг хичээж байна.

-Эмчийн хүрэлцээ дутмаг байгаа энэ үед сайн дурын ажилчдыг ажиллуулахаар бүртгэж буй. Танай дээр сайн дураараа ажиллахаар ирсэн иргэд бий юу ?

-Сайн дурын ажилтан бүртгэх шатандаа явж байгаа байх. УОК-оос одоогийн байдлаар сайн дурын ажилтан манай эмнэлэгт хуваарилсан зүйл алга. Харин нэг жолооч манай дээр өөрөө ирж сайн дураар ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Ингээд тус иргэнийг гэрээт ажилтнаар ажиллуулж байна.

-Танай эмнэлэгт өдөрт хичнээн халдвар авсан иргэд эмчлүүлэхээр ирж байна вэ? Ковидийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч ?

– Ковидоор өвдсөн иргэдийг хүлээн авах 180 ортой. Гэтэл ор дүүрсэн байхад биеийн байдал нь хүнд иргэн ирэхэд буцааж явуулахад хэцүү байдаг учраас коридорт хүлээн авах тохиолдол их гарна. Биеийн байдал нь үнэхээр хүнд болсон иргэнийг буцаах аргагүй. Иймд коридортоо хүлээн авч үйлчилгээ үзүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал ачаалал их үед гардаг.  

Эмч, ажилчид улаан бүсэд 10 хоног ажилласны дараа амардаггүй

Улаан бүсэд нэг ээлжийн баг 10 хоногийн хугацаатай өглөөний 05 цагаас шөнийн хоёр цаг хүртэл тасралтгүй хамгаалалтын хувцсаа тайлахгүйгээр иргэдэд эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг гэдгийг эмч нарын төлөөлөл хэлэв. Нэг ээлж 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр 200 орчим иргэнд коронавирус халдварын эсрэг эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг байна. Хамгаалалтын хувцсаа ойр ойрхон тайлах нь эрсдэлтэй байдаг учраас заримдаа 24 цаг тайлахгүйгээр ажилладаг аж. Ингэж ажиллахаар бүх биеийнх нь хөлс гарч хамаг хувцас нь нордог хэмээн улаан бүсэд ажиллаж байсан эмч нар бидэнд зургаа үзүүлэв.

“Улаан бүсэд ямар хүнд байдгийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Манай эмнэлгийн эмч нар улаан бүсэд ажиллаж байгаад халдвар авах тохиолдол их гарах болсон. Бүр улаан бүсэд ажиллаж байсан эмч халдвар авч нас барсан хэмээн” гуниглангуу ярьж байгаа эмчийн яриаг сонсох тийм ч таатай байсангүй.Тэд заримдаа хоёр, гурван цаг амардаг бөгөөд,тэр хооронд хэсэгхэн дуг хийнэ. Заримдаа 24 цаг нойргүй ажиллах үе ч цөөнгүй тохиолддог байна.  

Тэдэнтэй ярилцаад сууж байхад миний ээлж хэзээ таарах бол, хэрхэн 10 хоногийг даван гарах вэ гэсэн шантарсан маягийн өнгө аяс ажиглагдаж байсныг энд бичих нь зүйтэй байх. Хамт ажиллаж байсан зарим нөхөд нь шантарч ажлаасаа гарсан гэнэ. Үлдэж байгаа хүмүүсийн сэтгэл зүй ямар байх нь ойлгомжтой.

Ковидын улаан бүсэд тамир тэнхээгээ тасартал битүү хувцастай 10 хоногийн хугацаатай ажилласан эмч нар амардаггүй гэв.Тэд тусгаарлалтаас гарч ирсний дараагаар эмч нь хүрэлцэхгүй тохиолдолд эмнэлзүйн багт орж 24, 48 цагийн ээлжээр гэрээр эмчлэгдэж байгаа өндөр настан, ор олдоогүйн улмаас гэртээ эмчлэгдэж байгаа хүмүүст бас ковидийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна.  

Халдвартай нь батлагдсан тохиолдлуудын биеийн байдлыг үнэлж эмнэлэгт хэвтүүлэх эсэхийг бас эрэмбэлнэ. Өөрөөр хэлбэл, хүнд хэлбэрээр өвдсөн иргэдийн нэрсийг УОК-ын дэргэдэх ор зохицуулах баг руу явуулдаг байна. Тус багаас ямар эмнэлэг дээр сул ор байгаа талаар мэдээлэл өгч тусламж үйлчилгээний эмнэл зүйн багийнхан иргэдийг хүргэж өгдөг байна.  Шинж тэмдэг бага, хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэдэд гэрээр нь эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Чингэлтэй дүүргийн хувьд өдрөөр хоёр баг, шөнийн нэг багийн бүрэлдэхүүнтэй ажилладаг байна.

3
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.