Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Германчууд шинэ удирдагчаа сонгов

Германд сонгуулийн өмнөх кампанит ажил сүүлийн 20 жилд байгаагүй ер бусын болж дууссаныг ажиглагчид тэмдэглэлээ. Ням гаргийн сонгуулийн өмнө тус улсын шинэ Канцлер хэн болох, Засгийн газар ямар бүрэлдэхүүнтэй байх нь тодорхойгүй төдийгүй эл өрсөлдөөнд бусдаас ялгарах нэр дэвшигч байгаагүй аж.

Түүхэн хэмээн тодотгосон парламентын сонгуулиар Европын Холбооны зүтгүүр болох тус орны улс төрийн ирээдүй тодорхойлогдоно. Канцлер Ангела Меркель энэ удаа нэрээ дэвшүүлээгүй төдийгүй дараагийн Засгийн газар байгуулагдсаны дараа улс төрөөс бүрмөсөн явахаа мэдэгдсэн юм. “Төмөр хатагтай”-н 16 жилийн засаглалын дараа тус улсыг шинэ үе хүлээж буй. Шинэ үе чухам ямар байх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс ямар замаар явах нь сонгуулийн дүнгээс шалтгаална.

Германы Социал-демократ нам, Христийн ардчилсан холбоо болон Христийн социал холбоо намын консерватив эвсэл (ХАХ/ХСХ) хооронд ширүүн өрсөлдөөн болно гэж нийгмийн судалгааны хүрээлэнгүүд таамагласан. Сангийн сайд, Дэд Канцлер 63 настай Олаф Шольцыг Сайд нарын танхимын тэргүүнд нэр дэвшүүлсэн Социал-демократ нам эрх баригч эвслээс ганц хувиар илүү байгааг сүүлийн санал асуулгын дүн харуулав. Хойд Рейн-Вестфал мужийн ерөнхий сайд Армин Лашетыг ХАХ/ХСХ эвсэл Канцлерын албан тушаалд нэр дэвшүүлжээ.

Сонгуулийн урьдчилсан дүнг өнөө орой, харин эцсийн дүнг мягмар гарагт танилцуулах гэнэ. Германчууд сонгуулийн хэсгүүдэд очихоос гадна шуудангаар саналаа өгөх боломжтой байв. Шуудангаар иргэдийн саналыг наймдугаар сарын 16-наас авч эхэлсэн бөгөөд энэ сарын 24-ний 18.00 цагаас өмнө эл ажиллагаа дуусах ёстой ч сонгуулийн хэсгүүд хаагдахаас өмнө саналаа илгээх боломж олгосон байна.

Энэ удаагийн парламентын сонгуульд хоёр Герман улс нэгдсэнээс хойш хамгийн олон нам оролцов. Бундестагийн сонгуульд 47 нам оролцсоныг Сонгуулийн комиссоос нь мэдээлжээ. Гэсэн ч зөвхөн ХАХ/ХСХ эвсэл, социал-демократууд, Ногоон нам, Чөлөөт ардчилсан нам (либералууд), Барууны популист нам болон Зүүний нам л парламентад багтах магадлал өндөр байна. Сонгуульд 6211 нэр дэвшигч өрсөлдсөний 2024 нь эмэгтэй гэнэ. Тус улс мажоритар болон пропорционал зарчмыг хослуулсан сонгуулийн холимог системийг ашигладаг. Нэр дэвшигчдийн тал хувь нь 299 тойрогт шууд санал хураалтаар, үлдсэн нь намын жагсаалтаар сонгогддог.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.