Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.ГАЛИНДЭВ: Бидний шүүмжлэлт сэтгэлгээ одоохондоо гэнэн, алтирамхай, оновчгүй байна

Философийн ухааны доктор, профессор Б.Галиндэвтэй ярилцлаа. Завхан аймгийн Сонгино сумын уугуул тэрбээр Цэргийн нэгдсэн дээд сургуулийг дүүргээд, Улиастайн болон Толгойтын цэргийн ангид салааны дарга, салбарын улс төрийн орлогч, улс төрийн ажилтнаар есөн жил ажилласан. Тэндээсээ ЗХУ-ын Цэргийн академид явж, философийн багшийн мэргэжил эзэмшиж ирснээсээ хойш 40 шахам жил самбарын өмнө зогсож буй сурган хүмүүжүүлэгч, Гавьяат багш юм.

-Таныг Ерөнхийлөгчийн багш гэж сонссон?

-Би Цэргийн их сургууль, одоогийн Үндэсний батлан хамгаалахын их сургуульд 12 жил багшилсан. Тэнд улс төрийн анги гэж байлаа. Тэр ангийг төгссөн шавь нар маань сүрхий “дээшээ” явдаг юм. Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар тэдний нэг.

-Ерөнхийлөгчийн багш хэзээнээс “Отгонтэнгэр” их сургуульд багшлав?

-Цэргийнхэн эрт тэтгэвэрт гардаг шүү дээ. Би армид 28 жил ажиллаад 48 настайдаа тэтгэвэрт гарсан. Нас залуу юм чинь өөр ажил хайж таарна. Нийгмийн шилжилт ид өрнөж, боловсролын салбарт их өөрчлөлт гарч, хувийн сургуулиуд байгуулагдаж байсан 1995 онд “Отгонтэнгэр” их сургуульд ирсэн. Үүнээс хойш 27 дахь хичээлийн жилээ эхлүүллээ. Тэр үед их, дээд сургуулиуд нийгэм-хүмүүнлэгийн ухааны хичээлийн цагаа багасгаж, заримыг нь бүр хасчихсан байв. Харин манай сургууль намайг ирснээр философи, улс төр судлал, дэлхийн түүх, ёс зүй, гоо зүй гэх мэт нийгэм-хүмүүнлэгийн ухааны хичээлүүдийг хөтөлбөртөө оруулсан. Тэр хичээлүүдийг бүгдийг нь би заадаг байлаа. Нийгмийн ухааны хичээл хөтөлбөрт шинээр орвол надаар заалгадаг.

-Нийгэм-хүмүүнлэгийн ухааны хичээлд ач холбогдол бага өгөх хандлага тэр үеэс эхэлжээ. Огт өөр мэргэжлээр сурч байгаа хүмүүст энэ хичээлүүд ямар хэрэгтэй юм бэ гэх асуулт одоо ч бий.

-Шинжлэх ухаан, техник, технологи хөгжихийн хэрээр нийгэм-хүмүүнлэгийн ухааны хичээлийг ач холбогдол агатай гэж үзэх, цагийг нь цөөлөх хандлага дэлгэрсэн. Техникийн их сургуульд л гэхэд 1990-ээд оноос философийн хичээл заахаа больсон. Нийгэм-хүмүүнлэгийн ухааны хичээлүүдээр дамжуулаад бид өөрийнхөө ард түмний болон хүн төрөлхтний бүтээсэн соёлын ололттой танилцдаг. Залуучууд өмнөх үеийнхээ бүтээсэн соёлтой танилцаж, эзэмшихгүйгээр тухайн нийгэмд оршин тогтнох, хүн болж төлөвших аргагүй. Тиймээс нийгэмхүмүүнлэгийн хичээлийг илүү сайн заах ёстой. Өрхийн тэргүүн, айлын эзэгтэй байх соёлоос эхлээд ажлын талбарт гараад хамт олонтойгоо ойлголцох, хөдөлмөрийнхөө учир утгыг ухаарах, амьдарч буй нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн үйл явц, даяаршиж байгаа дэлхийг ойлгох замыг нийгэм-хүмүүнлэгийн ухааны хичээлээр
олгох учиртай. Мөн олон төрлийн мэдээлэлд задлан шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэж, үнэ цэнтэйг нь олж авахад тусална. Мэдээлэл хүлээж авах боловсрол гэдэг зүйл манайханд гарцаагүй хэрэгтэй болсон.

Би цэргийн хүн. Цэргийн хүний ярьдаг хамгийн том сэдэв нь эх оронч үзэл. Бид төрж өссөн эх орныхоо үнэ цэнийг ойлгох ёстой. Залуусын дунд “Аз жаргалтай л амьдарч байвал эх орон хэрэггүй” гэсэн үзэл газар авчихлаа
шүү дээ. Энэ нь Америк, Солонгос, Австрали гээд аль ч өндөр хөгжилтэй оронд амьдарч, аз жаргал хайх боломж бүрдсэнтэй холбоотой. Тэд аз жаргал гэж эд материал хүрэлцээтэй, элбэг хангалуун байхыг л ойлгож буй хэрэг. Ийм буруу голдирлоор урсахаас сэргийлэх сэн гэж бодож хичээлээ заадаг. Хүн бэлэн зүйл шаардаад суудаг биш, бүтээлч иргэн байх ёстой. Ингэж байж өөрөө хөгжинө, нийгэм урагшилна, бие биедээ өмөг түшиг болж амьдарна. Энэ бүхнийг ойлгуулж, бие хүнийг нь төлөвшүүлэх нь нийгэм-хүмүүнлэгийн ухааны хичээлийн зорилго шүү дээ.

-Цэргийн сургуульд залуу насаа зориулсны дараа энгийн, хувийн сургуульд ирэхэд ялгаатай зүйл их байв уу?

-Их ялгаатай. Тэр дундаа оюутнууд их өөр байлаа. Цэргийн сургуульд дан эрчүүдэд хичээл заана. Тэдэнтэй хатуухан ярих үе ч бишгүй. Гэтэл энд олонх нь охин. Тэдэнтэй цэргийн сургуульд дадсанаараа харилцаж болохгүй. Ширүүхэн дуугарвал уйлчихаж ч мэднэ. Цэргийн сургуульд бол энэ уйлж, тэр гомдчих вий гэж болгоомжлохгүй шүү дээ. Мөн цэргийн сургуульд хувийн ажлаа хийх цаг, боломж хомс, жагсаалын болон тактикийн бэлтгэл, хээрийн сургуульд гарах гээд үргэлж л завгүй байлаа. Харин энгийн сургуульд ажилласнаар өөрийгөө хөгжүүлэх цаг нэлээд гардаг болсон. Манай “Отгонтэнгэр” их сургууль багш нараа хөгжүүлэх орчныг сайн бүрдүүлсэн. Би энд ирээд эрдмийн зэрэг хамгааллаа. “Нийгмийн өөрчлөлтийн үе дэх ёс суртахууны асуудал”, “XX, XXI зууны эхэн үеийн Монголын нийгмийн ёс суртахууны төлөв байдал”, “Достоевский ба хүний асуудал”, “Хүний төрх”, “Хүн байх ухаан”, “Толстойн ертөнц ба хүний асуудал” зэрэг судалгааны ном бичсэн.

-Таны бүтээлүүд хүн рүү, тэр дундаа ёс суртахуун руу чиглэдэг. 40 шахам жил багшилж, залуустай ажиллаж байхдаа хүмүүсийн өөрчлөлт, ёс суртахууны өөрчлөлтийг хэрхэн ажигласан бэ?

-Ажиглалт бол нийгэм судлалын судалгааны чухал арга. Ажиглаж байхад нийгмийн өөрчлөлт, шилжилтийг залуус санаачилж, эхлүүлдэг. Аливаа шинэчлэлд залуус их мэдрэмтгий байж, бусдаас түрүүлж өөрчлөгддөг. Нас тогтсон хүмүүс бол хуучин тогтолцоо руугаа тэмүүлэмтгий, өөрчлөгдөхдөө удаан. Манай хүн амын 70 гаруй хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлдэг. Залуу үе хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа нь эерэг, сөрөг хоёр талтай. Залуучууд аливаа өөрчлөлтөд сонор соргог хандаж, хурдан хүлээж авдаг. Гэтэл нийгмийн өөрчлөлт бүр сайн, сайхан голдирлоор явахгүй. Сайхан зүйл бодож эхлүүлсэн ч буруу голдирлоор явчих тохиолдол бишгүй. Түүнийг нь залуус дагаж хошуураад, дарвиад явчих магадлал өндөр. Мөн мэдээлэлд хамгийн сонор соргог хандаж, хүлээж авдаг хэсэг нь залуус. Гэтэл манай нийгмийн өөрчлөлт мэдээллийн асар хүчтэй давлагаатай давхацсан. Тиймээс нийгэм-хүмүүнлэгийн ухааны хичээл заадаг бид мэтийн багш нар мэдээлэл эрүүл, үнэн, залууст сайн үлгэр жишээ үзүүлэх, шинжлэх ухааны мэдлэг өгөхүйц үр шимтэй байгаасай гэж байнга хүсдэг. Даанч хүссэнээр болохгүй юм. Сөрөг мэдээлэл, нийтийн урлагийн утга агуулга муутай, хэлбэр хөөцөлдсөн, марзан, даржин дүр дүрслэл, хөнгөн хийсвэр санааг залуус дагаж дуурайгаад амьдралын чиг баримжаагаа алдчих гээд байх юм. Мэдээллийн “цунами” биднийг дайрч байна. Ийм үед шинжлэх ухааны боловсрол эзэмшүүлэхэд төвөгтэй болдог талаар АНУ-ын сэтгэл судлаач, прагматик философич Жон Дью 100 жилийн өмнө “Энэ их мэдээлэл манай залуусыг шинжлэх ухааны боловсрол эзэмшихэд саад болж, сатааруулж, төөрөлдүүлж байна” гэж “Боловсрол ба ардчилал” номдоо бичсэн. АНУ-д 100 жилийн өмнө тохиолдсон үйл явдал өнөөдөр манайд тулгарч байгаа хэрэг.

-Нийгмийн шилжилтийн жилүүдэд монгол хүний сэтгэлгээнд их өөрчлөлт гарсан уу?

-Сайн, саар хоёр талтай өөрчлөлт гарсан.Монголчууд нэг үеэ бодвол аливааг олон талаас нь бодож цэгнэдэг болсон. Бас бусдыг сонжих, муу муухайг нь дуудах хандлага эрс ихэссэн. Энэ нь хаалттай нийгмээс гэнэт гарч, өрсөлдөөнт нийгэмд шилжсэнтэй холбоотой. Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш манайхны төр, засаг руугаа харах шүүмжлэлт нүд нээгдсэн. Энэ нь нэг талаасаа сайн ч нөгөө талаасаа буруу, зөвгүй “шүршиж”, байгаа онохгүй нь олон болчихлоо. Шүүмжлэл гэдэг буруу, зөвгүй “нүдэхийн” нэр биш шүү дээ. Үндэслэлтэй, үнэн байх ёстой. Тэр талаас нь харвал бидний шүүмжлэлт сэтгэлгээ одоохондоо гэнэн, халтирамхай, оновчгүй гэж үзэж болохоор байгаа. Энэ нь зурвас үе болов уу гэж найдаж байна. Хэзээ өнгөрөхийг бүү мэд.

-Айл хүний амь нэг гэдэг байсан монголчууд өдгөө амиа бодомхой, ёс жудаггүй болсон гэж олон хүн хэлдэг. Үүний талаар та юу хэлэх вэ?

-Феодалын гэх нийгмийн үед ард түмнийхээ туулсан, түүхийнхээ туршид бүтээсэн зан заншил, буддын шашны ёс суртахуунжсан хэм хэмжээгээр монголчуудын зонхилох хэсэг нь зан үйлдлээ зохицуулж байсан. Социалист тогтолцоонд шилжсэнээр нэг намын үзэл суртал, түүнээс эх ундаргаа авсан ёс суртахуун засагласан. Харин одоо эрх мэдэлтэй хэн нэг хүн, нам бус, төрөөс батлан гаргасан хууль засагладаг нийгмийн тогтолцоо цогцлон бүрдэж байна. Бид иргэншлийн түрэлт, барууны соёлын дайралтад өртөж, айл хүний амь нэг гэдэг үзэл саармагжсан. Хөдөөд хуучин сайхан монгол төрх алдагдаж, хотын сүүдэр тусаж байгаа. Хөдөөний залуус эмнэг сургаснаараа бахархдаг, эр чадалтайгаа гайхуулдаг байснаа одоо үнэтэй машин унаснаараа өрсөлддөг боллоо. Хүн ирэхэд аяга айраг үнэгүй өгөх айл ховордсон. Үүнийг зах зээлийн нийгэм монголчуудыг өөрчилсөн гэхээсээ хүний төрөлх чанарыг нь ил гаргасан гэж дүгнэж болно. Яагаад гэвэл хүн гэдэг угаасаа л амиа бодсон амьтан. Бас байнга дур зоргоороо байх сонирхолтой. Үүнийгээ одоо эрх чөлөө гэж нэрлэчихээд байгаа юм. Уг нь дур зорго, эрх чөлөө хоёр огт өөр ойлголт. Бид эрх чөлөөнийхөө философи утга санааг ойлгож ухааралгүй 30-аад жил болчихлоо. Дур зорго нь хүний байгалийн төрх, төрөлх чанартай холбоотой ойлголт. Эрх чөлөө нь нийгмийн харилцаанд орж буй нийгэмшсэн, иргэншсэн хүн сонголтынхоо хариуцлагыг хүлээдэг, хууль дүрмийн хүрээнд хэрэгждэг зан үйлдлийн хэв маяг шүү дээ. Амиа бодсон үзэл, чөлөөт сонголт хоёр нь хүмүүсийн хооронд өрсөлдөөн бий болгодог. Уг өрсөлдөөн нь хүнийг хөгжүүлж, нийгмийг урагшлуулдаг. Энэ утгаараа зах зээлийн нийгэм хүний төрөлх мөн чанартай их зохицсон юм.

Тэгэхдээ хүний энэ төрөлх чанарыг зөнд нь тавьж хэрхэвч болохгүй. Нийгмийн ухаанд “хүний нийгэмшил” гэсэн ойлголт, бүхэл бүтэн үзэл баримтлал бий. Энэ талаас нь бодохоор өнөөгийн монгол хүний нийгэмшил, зах зээл, ардчилсан тогтолцоондоо дасан зохицсон иргэн болж төлөвших асуудал хурцаар тавигдаж байгаа. Нийгэм, олон түмэнд хор хөнөөлгүй сонголт хийх зан үйлийн дадал зуршилтай болохоос бидний ардчилсан нийгмийн хувь заяа олон талаар шалтгаална. Өөрөөр хэлбэл, эрх чөлөөгөө, сайн дураар сонголт хийх боломжоо ганц өөрийнхөө төлөө бус, бусдынхаа төлөө ашигладаг хүнлэг энэрэнгүй сэтгэл шингэсэн үнэт зүйлтэй иргэн байх, ёс суртахуун, оюун ухааны цар хүрээтэй болохыг шаарддаг нийгэмд амьдарч буйгаа ухаарах учиртай.

-Их, дээд сургуулиуд чанар муутай мэргэжилтэн бэлтгэж байна гэсэн шүүмжлэл хааяагүй сонсогддог. Энэ шүүмжлэлд хувийн сургуулиуд илүү өртдөг. Үүнд та хэрхэн ханддаг вэ?

-Нийгмийн шилжилтийн үед хувийн дээд сургууль олноор байгуулагдсан. Олны дотор сайн ч, саар нь ч бий. Их, дээд сургууль олон жил үйл ажиллагаа явуулж байж тамиржин, чанаржиж, сургалт, судалгааны ажлын туршлага суудаг. Цагийн аясаар, өрсөлдөөний явцад шилэгдэж, шигшигдсээр яваа. Би бол хувийн сургууль олноор байгуулсан нь дээд боловсрол эзэмших гэсэн залууст өргөн боломж олгосон сайн талтай гэж үздэг. Хувийн их, дээд сургуулиуд өрсөлдөөн өрнүүлэх, академик эрх чөлөөг бий болгоход хувь нэмрээ оруулж байна. Улсын сургуулийнхны бодож, санаагүйг энд хийж болно. Үүний төлөө бид ажиллаж байгаа. Манай “Отгонтэнгэр” анхны хувийн их сургуулиудын нэг. Сургалт, үйл ажиллагаа нь муугүй, тогтсон арга барилтай болсон. Одоо бидэнд хувийн их, дээд сургуулиудад чанартай боловсрол эзэмшүүлдгийг баталж, хамгаалах үүрэг тавигдаад байгаа. Манайх “Сургалт, судалгааны их сургууль” болно гэсэн том зорилттой. 60-70 жилийн түүхтэй улсын сургууль бол хэр баргийн шүүмжлэлийг тоохгүй. Шүүмжлүүллээ гээд тэдэнд хотойх зүйл ч байхгүй. Яаж ч шүүмжилсэн олон жилийн түүхтэй, улсын их сургууль хэвээрээ, хүүхдүүд тийшээ орох гэж уралдана. Харин байгуулаад дөнгөж 30 жил болж, өнгө төрхөө олж яваа хувийн сургуулиудын үйл ажиллагаа их эмзэг, шүүмжлэлийг тун соргог хүлээж авна. Элсэлт илт цөөрөөд явчихна. Тиймээс хувийн сургуулийн багш нар нэр төрөө хамгаалж, шүүмжлэл сонсохгүйн тулд их хичээж ажилладаг. Энэ нь бидний давуу тал гэж хэлж болно.

Манай сургууль багш, оюутнуудад ажиллах, суралцах орчин нөхцөлийг сайн хангаж өгсөн. Багш бүр чанартай боловсрол олгохын төлөө гар нийлж ажилладаг. Бас нэг давуу тал нь боловсон хүчний үндэс суурь сайтай. Улсад алба хааж байсан эрдэмтэд 1990-ээд оны өөрчлөлтөөр тэтгэвэрт гарсан. Тэр үед анхны хувийн сургуулиуд байгуулагдаж, тэднийг ажилд авсан. Ийм туршлагатай эрдэмтдийг ажиллуулснаар “Отгонтэнгэр” сууриа маш сайн тавьж, залуу багш нараа ч бэлтгэж төлөвшүүлсэн. Манай сургуулийн багш нараас жилд 2-3 нь эрдмийн зэрэг хамгаалдаг. Их, дээд сургуулийн үнэт зүйл бол судалгаа шинжилгээ хийж, эрдмийн зэрэг хамгаалсан багш шүү дээ. “Отгонтэнгэр” их сургууль байгуулагдсанаасаа хойш дээд боловсролтой 8000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн. Магистр, докторантурын сургалт явуулдаг. Төгсөгчид маань ч амжилттай ажилладаг.

-Улс, хувийн гэлтгүй их сургууль төгссөн залуус ажлын талбарт ирээд гологдох нь олон?

Дээд боловсролын чанар, үнэ цэн буурсныгхүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Мөнгө, төлбөр талаас нь харвал үнэтэй болоод ч байх шиг. Бараг л залуу хүн бүр дээд боловсрол эзэмших гэж зүтгэж байна. Мэдлэгийн нийгэм байгуулж буй ХХI зуунд хүн амын дийлэнх нь дээд боловсролтой байхад буруудахгүй. Гэхдээ нөгөө талаас нь харвал, залуус эзэмших боловсролынхоо түвшинд дүйхүйц чармайлт, хүч хөдөлмөр гаргахгүй, хөнгөн аргаар диплом олж авах гэдэг. Тэгж дээд боловсрол эзэмшсэн залуус мэргэжлээрээ ажиллахгүй, огт мэргэжилгүй хүний хийж болох ажлыг, тухайлбал, худалдагч хийдэг. Энэ бол дээд боловсролын үнэ цэн унаж байгаагийн нэг хэлбэр. Нөгөө талаас их, дээд сургууль төгссөн залуус бие хүн хөгжсөн үзүүлэлтээр дээд боловсролын үнэ цэн тодорч байх учиртай.

-Боловсрол бизнес мөн үү?

-Би “Боловсрол бол бизнес” гэсэн тодорхойлолтыг буруу гэж боддог. Ингэхээр боловсрол нь мөнгө олох үйл явц, арга хэрэгсэл болчихно. Боловсролоор дамжуулж мөнгө угаах зорилготой хүмүүс байна. Ерөнхий боловсролын хувийн сургуулийн төлбөр 5-20 сая төгрөг. Ийм өндөр төлбөртэй сургуульд балчир хүүхдүүдээ өгөөд, төлбөртөө дүйхүйц боловсрол, хүмүүжил авч байна уу гэхээр эргэлзээтэй санагддаг. Бид бүх л шатны боловсролын шинэчлэлээ ухаантайхан шиг хийх цаг болсон.

Бидний үе юугаар бахархах вэ гэсэн асуулт намайг байнга ээрдэг. Манай улсын хөгжил өнөөдөр дорой, буурай байна. Энэ нь ганц өнөө үеийнхний буруу биш. Хэдэн зуун дамжин явсаар ирсэн нь л энэ. Гэхдээ илүү байлгах, тэгээд “Тийм буурай улсыг ийм хөгжилтэй болгосон шүү” гээд бахархаж суух боломж байсан. Энэ боломжоо манай ахмад үеийнхэн тухайн цаг үедээ ашиглаж, улс орноо танигдахгүй болтол хөгжүүлсэн 100 жилийг бид ардаа орхижээ. Энэ он жилүүдийн алдаа, оноог өнөөдөр дэнслэн, түүхэн сургамжаа авч, урагшлах учиртай. Гэтэл социалист гэдэг үгнээс цэрвэдэг юм уу, социализмын замаар явсан түүхээ үгүйсгэх хандлага өнгөрсөн 30 жилд газар авч, XIII зуун, дэлхийн талыг эзэлсэн Чингис гэж л ярьдаг болж. Эзэн хаан Чингис монголчууд бидний бахархал мөн. Гэхдээ бидний үеийнхэн юу хийж бүтээв, үнэхээр өөрсдөөрөө бахархах зүйл хийж чадсангүй юу гэсэн асуулт гарч ирээд байгаа юм. Хувь хүн, байгууллага, улс гүрэн цаг үе бүхэндээ бахархах зүйлтэй байх ёстой шүү дээ. Гэтэл манай үе өөрсдийн гэсэн бахархалгүй, Чингисийн түүх л ярьсаар суух нь тиймхэн санагддаг. Одоо бидэнд, хойч үеийнхэнд өөрсдийнхөө хийж бүтээсэн зүйлээр бахархах, эх орныхоо түүхэн хөгжлийн цоо шинэ үеийг эхлүүлэх цаг ирсэн.

Бэлтгэсэн А.Амина

3
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.